Гадаадад Монголын иргэд гэмт хэргийн хохирогч болох, хэрэгт холбогдох тохиолдлуудын талаар Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОХУ-ын зэвсэгт хүчинд элсэхийг уриалж, өндөр цалин амласан зар түгээж байсан есөн цахим хаягийг устгуулсан талаар танилцуулжээ.
Гурван иргэнийг хилээр гарах үед нь саатуулсан байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг “Энэ оны есдүгээр сараас эхлэн Оросын Холбооны Улс(ОХУ)-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай гэсэн зар Монголын цахим орчинд нийтлэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ талаар хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал нэг гомдолд хамаарах гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан. Гомдол шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хоёр дахь гомдолд холбогдох иргэн ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэнээ эргүүлэн авчрахаар ажиллаж байна.
Энэ төрлийн зарыг иргэд сонирхож эхэлсний дараа Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь илэрсэн. Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт гарган устгуулсан. Цаашид илрэх хаягуудыг тухай бүр устгуулан ажиллах болно.
Иргэд гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн мэдээлэлд нухацтай хандаж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү” гэв.