АНУ-ын нэр хүндтэй “America’s Got Talent” буюу “Авьяаслаг Америкчууд” шоуны энэ долоо хоногийн дугаар технологи, урлагийг гайхамшигтайгаар нэгтгэсэн үзүүлбэрээр үзэгчдийг алмайруулав. Дэлхийд алдартай “Boston Dynamics” компанийн бүтээсэн таван робот тайзнаа гарч, домогт “Queen” хамтлагийн “Don’t Stop Me Now” дууны аянд бүрэн синхрон бүжиглэн, уран хөдөлгөөн, хэмнэлээр гайхшрууллаа.
Тэдний хөдөлгөөн нь хүнтэй андуурмаар байж, эргэлт, уран нугаралт, дэвсэлт зэрэг нарийн техникүүдийг төгс гүйцэтгэсэн нь танхимын уур амьсгалыг огцом өөрчилсөн юм. Үзүүлбэр дуусмагц үзэгчид нижигнэтэл алга ташиж, шүүгчид 20 улирал дамнан явсан шоуны түүхэнд ийм өвөрмөц, сэтгэл хөдөлгөм үзүүлбэр үзээгүй хэмээн бахдан өгүүлэв.
Шоуны зохион байгуулагчид энэхүү тоглолтыг хиймэл оюун ухаан, хөдөлгөөний технологи болон тайзны урлагийг төгс хослуулсан, шинэ эрин үеийг илтгэсэн жишээ хэмээн тодорхойлсон байна. “Boston Dynamics”-ын алдарт “Spot” нэртэй дөрвөн хөлт роботыг өмнө нь үйлдвэрлэлийн аюултай орчин болон аврах ажиллагаанд ашигладаг байсан бол энэ удаад тэднийг соёл, урлагийн орчинд амьд мэт амилуулсан нь технологийн хязгаарыг давж чадсаныг нотоллоо.
20 жилийн турш хүний авьяасыг тайзан дээр дэлгэсэн AGT шоу өмнө нь хэзээ ч хиймэл оюуныг ийнхүү уран сайхны хэлбэрт оруулж, хүний сэтгэл хөдлөлийг хөндөж чадаагүйг шүүгчид онцлон дурдсан юм.