“ДЦС-3” дулааны цахилгаан станцад гарсан томоохон осол, цаашдын засвар шинэчлэл, аюулгүй байдлын асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, хариуцлагатай удирдлагуудтай уулзалт хийлээ. Тэрбээр:
“Ийм хэмжээний аваар өмнө нь гарч байгаагүй. Энэ бол эрчим хүчний салбарт том дохио. Аюулгүй байдлын тогтолцоо, хяналт, дотоод менежмент, кибер аюулгүй байдал, хариуцлагын тогтолцоог бүх түвшинд сайжруулах шаардлагатай. Мэргэжлийн хүмүүсийн үгийг анхаарч, тоног төхөөрөмжийн эх үүсвэр, нийлүүлэгчийн чанарт ч дүгнэлт хийх цаг болсон” гэж онцолсон юм.
Уулзалтын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар 2025-2026 оны өвөл IX дугаар турбин генераторыг ажиллуулах боломжгүй ч, нийт станцын дулаан үйлдвэрлэл өмнөх өвлийн түвшинд хадгалагдана хэмээн мэдэгдлээ.
Түүний тайлбарласнаар, осол гарсан IX машины шалтгааныг цагдаа, тагнуул, техникийн шинжээчдийн баг шалгаж байгаа бөгөөд одоогоор дүгнэлт гараагүй байна. Гэмтсэн төхөөрөмж рүү нэвтрэх зөвшөөрөл ч хараахан ирээгүй байгаа учир нөхөн сэргээлтийн нарийвчилсан төлөвлөгөө тодорхойгүй хэвээр байна.
Хэдий IX машин энэ өвөл ажиллахгүй ч бусад төхөөрөмжүүдийн ачааллыг зөв хуваарилж, дулааны үйлдвэрлэлд сөрөг нөлөө гаргахгүйгээр зохицуулалт хийж байгааг тэрээр онцоллоо. Станц нийт есөн турбинтай бөгөөд өнгөрсөн өвөл VII машин ажиллаагүй бол энэ оны сүүлчээр засвар дууссанаар дахин ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн V машин техникийн хувьд ашиглалтын хугацаа дууссан ч өнгөрсөн өвөл ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор ажиллуулсан, одоо ч нөхцөл нь хүнд хэвээр байгаа аж.
Станц хоёр блоктой бөгөөд дунд даралтын станцын дөрвөн машин, өндөр даралтын станцын таван машин бүгд өндөр насжилттай байгаа, зарим нь бүрэн ашиглалтын хугацаагаа дуусгасан тул тоног төхөөрөмжийн шинэчлэл яаралтай хэрэгтэй байгааг Л.Эрхбаатар онцлов. Түүнчлэн, IX машин 34 багц хөрөнгөөр бүртгэгдсэн ч яг аль хэсгүүд нь гэмтсэн эсэх, хохирлын нийт хэмжээ тодорхойгүй байгаа тул эцсийн тооцоо хараахан гараагүйг мэдээлэв.
Тиймээс энэ өвөл станцын хүчин чадал буурахгүй, өнгөрсөн өвлийн түвшинд дулаанаар хангах зорилт тавин, тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдлыг хангах засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгааг онцоллоо.