Улаанбаатарын баруун бүсийн эрчим хүчний хангамжийг шийдэх том төсөл
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд “ТЭЦ-5” буюу Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой уг станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. ТЭЦ-5 нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх аж.
Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн хүн ам, суурьшил нэмэгдэж буй хэсгүүдийн эрчим хүчний найдвартай хангамжийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн.
Эрчим хүчний төслүүдийг Улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна” гэжээ.
Төслийн хөрөнгө оруулалт 658.6 сая ам.долларт хүрнэ
Энэ онд Улаанбаатар хотод эрчим хүчний хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Дулааны тавдугаар цахилгаан станц
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц
- Дамбадаржаа станц
- Дэнжийн мянга станц
- Хийн станцууд
- Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл
- Хүннү хотын станц
ТЭЦ-5 төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар байх бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм байна. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх ажлын хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан гэж мэдээлжээ.
Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш 43 жилийн хугацаанд өндөр хүчин чадалтай, цахилгаан болон дулаан хослон үйлдвэрлэх томоохон станц шинээр ашиглалтад ороогүй байна.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд, дэд бүтцэд ойр байршилд баригдах бөгөөд дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллахаар төлөвлөгджээ. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн эрчим хүчний тогтвортой байдалд томоохон ахиц авчрах хүлээлттэй байна.