Энэтхэгийн хамгийн ядуу муж гэгддэг Бихарт зохион байгуулсан нүсэр хурим олны анхаарлыг татжээ. Хууль тогтоогч Anant Singh-ийн охин Shivangi Singh-ийн хурим хэдэн өдрийн турш олон төрлийн сүржин арга хэмжээгээр үргэлжилж, үндсэн ёслол нь арваннэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт болсон байна.
Хүн бүрийг урьсан хуримд хагас сая зочин ирсэн гэх мэдээлэл гарчээ
Хуримын ёслолыг мужийн нийслэл Патнагаас 65 километрийн зайтай Надава тосгонд хийжээ. Энэ нь Singh-ийн удмын өвөг дээдсийн амьдарч байсан нутаг аж. Олон мянган зочны дунд мужийн ассамблейн спикер болон нөлөө бүхий бусад улстөрч багтсан байна.
Мокама тойргоос таван удаа сонгогдсон Anant Singh энэ сарын эхээр хэвлэлийн хурал хийхдээ охиныхоо хуримд хүссэн хүн бүр ирж болохыг зарлажээ. Тэрээр зөвхөн Энэтхэгийн иргэд төдийгүй хөрш Пакистанаас ч зочид хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, уг урилгыг даган олон газраас хүмүүс цугларчээ. Зарим мэдээлэлд зочдын тоо хагас саяд хүрсэн гэж дурдсан байна. Тосгон бүхэлдээ баярын уур амьсгалд орж, замын хөдөлгөөн хэдэн цагаар саатжээ.
Чинээлэг зочдыг хүлээн авахын тулд нисдэг тэрэг буух зургаан талбай бэлтгэсэн аж. Мөн олон зуун тогооч 150 гаруй нэр төрлийн хоол, зууш хийж, найман сая ширхэг амттан бэлтгэсэн байна.

Морин уралдааныг үзэгчдийн хэт бөөгнөрлөөс болж хойшлуулав
Хуримын хөтөлбөрт 52 морь оролцох уралдаан багтжээ. Гэвч үзэгчид хэт олноор цугларч, эмх замбараагүй байдал үүссэн тул уралдааныг эхлэхийн өмнөхөн хойшлуулахад хүрсэн байна.
Тархсан гэрэл зургуудад уралдааныг дээрээс харахаар олон арван хүн цахилгааны шон дээр авирсан нь харагджээ.
Anant Singh өмнөх долоо хоногт цахим хуудсаараа уралдааны ялагчид нэгээс хоёр сая рупигийн үнэтэй автомашин бэлэглэхээ зарласан байв. Харин хоёр, гуравдугаар байрт орсон оролцогчдод мотоцикл болон скүүтер өгөхөөр төлөвлөжээ.
Хойшлогдсон уралдааныг маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулсан байна.
Хүргэн 151 автомашины цуваатай хүрэлцэн иржээ
Делигийн их сургуулийг төгссөн сүйт бүсгүй Shivangi ёслолдоо Land Cruiser автомашинаар ирсэн бол хүргэн Rishikesh Kumar-ыг 151 машинаас бүрдсэн цуваа дагалджээ.
Сүйт бүсгүйн эцэг Anant Singh ч мөн олны анхаарал татсан байдлаар хүрэлцэн ирсэн байна. Дүрс бичлэгт тэрээр машиныхаа онгорхой дээврээр цухуйн гараа даллаж, олон зуун дэмжигчээр хүрээлүүлсэн нь харагджээ. Зарим хүн түүний ирэлтийг хүргэнийхээс ч сүртэй болсон хэмээн ярьж байна.
Anant Singh хүргэндээ 23 сая рупигийн үнэтэй автомашин, мөн алт, мөнгө зэрэг үнэт бэлэг өгсөн аж.
Хуримын хөрөнгийн эх үүсвэрийг шалгахыг шаардав
Энэхүү хуримд нийт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэдийгээр Азийн хамгийн баян хүн Mukesh Ambani-ийн бага хүү Anant Ambani-ийн 2024 оны хуримтай цар хүрээгээр нь харьцуулах боломжгүй ч Бихарын нөхцөл байдалтай холбон хүмүүс хэлэлцэж байгаа юм.
Гурван хүн тутмын нэг нь туйлын ядуу амьдардаг гэгддэг мужид ийм тансаг арга хэмжээ зохион байгуулсан нь зардлын талаар асуулт дагуулжээ.
Бихарын хууль тогтоогч Neeraj Kumar хуримд зарцуулсан хөрөнгө хаанаас бүрдсэнийг мөрдөн шалгахыг уриалсан байна.