Өмнөд Америкийн Суринам улс өчигдөр буюу долоодугаар сарын 7-нд улс төрийн шинэ түүхийн хуудсыг нээж, анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонголоо. Парламентаас олонхийн дэмжлэг авсан доктор, парламентын экс спикер Женифер Саймонс 71 насандаа төрийн тэргүүнээр томилогдсон байна.
Түүхэн сонголтын ард
Тус улсын парламентын сонгууль тавдугаар сарын 25-нд болж, гол хоёр нам болох:
Үндэсний Ардчилсан Нам – 18 суудал (Саймонсийн нам)
Дэвшилтэт Шинэчлэлийн Нам – 17 суудал (ерөнхийлөгч асан Чан Сантохигийн нам)
нь бараг тэнцүү санал авч, эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болсон юм.
Суринамд ерөнхийлөгчийг шууд ард түмнээр бус, парламент дахь намуудын тохиролцоогоор сонгодог. Иймээс эвсэл байгуулж, шинэ ерөнхийлөгчийн томилгоог дотоод тохиролцоогоор шийдсэн нь энэ юм.
Ирээдүйн баялгийг зөв хуваарилах амлалт
Газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй болсон Суринамын ирээдүйн хөгжлийг хэрхэн удирдах нь сүүлийн сонгуулийн гол асуудал байв. Францын Total Energies компани удирдаж буй “Gran Morgu” төсөл 2028 оноос олборлолтоо эхлүүлэхээр бэлдэж байна.
Шинээр томилогдсон Саймонс хэлэхдээ:
“Би энэ албан тушаалд зүтгэхэд бэлтгэгдсэн хүн бөгөөд бүх мэдлэг чадвараа байгалийн баялгийг бүх ард түмэндээ хүртээмжтэй болгохын төлөө зориулах болно.”
гэж мэдэгдэн, залуучууд, нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ амласан юм.
Суринам – дараагийн Гайана болох уу?
Өнөөдөр 600,000 хүрэхтэй үгүй хүн амтай Суринам улс ойрын жилүүдэд эдийн засгийн огцом өсөлт хийж болзошгүй. Хөрш Гайана улс газрын тосныхоо ачаар 2024 онд ДНБ-ээ 43.6%-иар өсгөсөн нь үүнийг баталж байна.
Цагдаагийн даргаас халагдсан Сантохи хожигдов
Одоогийн ерөнхийлөгч Чан Сантохи дахин нэр дэвшсэн ч, эмзэг бүлгийн асуудалд хангалтгүй анхаарсан гэх шүүмжлэлд өртөж, эцэст нь шинэ эвслийн ард үлдсэн юм.
Саймонсын тангараг өргөх ёслол 2025 оны долоодугаар сарын 16-нд товлогдсон бөгөөд тэрээр 2020 он хүртэл 10 жилийн турш парламентын спикерээр ажилласан туршлагатай улс төрч юм.