Канадын усанд сэлэлтийн шүтээн гэгдэх Саммер Макинтош Сингапурт болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (ДАШТ) гурав дахь алтан медалиа авлаа. Тэрбээр 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд түрүүлсэн бөгөөд дэлхийн дээд амжилтыг эвдэхэд ердөө 0.2 секунд дутаж, шинэ түүх бичих тун ойрхон байв.
Өдгөө 18 настай С.Макинтош 400 метрийн чөлөөт сэлэлт болон 200 метрийн холимог сэлэлтийн төрлүүдэд аль хэдийн түрүүлээд байсан. Харин пүрэв гарагт болсон тэмцээнд тэрбээр 2 минут 1.99 секундийн амжилтаар барианд орсон нь 2009 онд Хятадын тамирчин Лю Зигэгийн тогтоосон 2 минут 1.81 секундийн дээд амжилтаас бага зэрэг хоцорсон юм.
“Өнөө орой дэлхийн дээд амжилтыг эвдэх нь бидний гол зорилго байсан. Би сүүлийн 12-15 метрт алдаа гаргасан гэдгээ мэдэж байна” хэмээн С.Макинтош уралдааны дараах ярилцлагадаа онцолжээ.
Тус төрөлд Америкийн Реган Смит 2:04.99 минутын амжилтаар мөнгөн медаль, Австралийн Элизабет Деккерс 2:06.12 минутын амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Харин ердөө 12 настай Хятадын Ю Зиди 2:06.43 минутын амжилтаар дөрөвдүгээр байрт орсон ч медальд хүрч чадсангүй.
С.Макинтошийн хувьд энэ амжилт нь Олимп болон дэлхийн аваргын нийлсэн 29 дахь медаль бөгөөд түүний 17 нь алтан медаль байна. Тэрбээр одоо 800 метрийн чөлөөт сэлэлт болон 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд дахин өрсөлдөхөөр зэхэж байгаа бөгөөд нэгэн цагийн домог Майкл Фелпсийн замналыг давтахыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн Францын алдарт усанд сэлэгч Леон Маршан пүрэв гарагт эрэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн ч өмнөх өдөр тогтоосон дээд амжилтаа шинэчлэж чадаагүй байна.