Нью-Йорк хотын Sotheby’s дуудлага худалдаагаар саяхан 5.3 сая ам.доллараар зарагдсан, Ангараг гарагаас дэлхийд унасан хамгийн том солирын өмчлөлтэй холбоотой маргаан дэгдлээ. 25 кг жинтэй энэхүү чулууг 2023 оны арваннэгдүгээр сард Нижер улсын Сахарын цөлөөс олсон бөгөөд тус улс солирыг хууль бусаар хил давсан гэж үзэж шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Нижерийн засгийн газар үнэт чулуу болон солирын экспортыг түр хугацаанд зогсоосон байна. Sotheby’s төв харин уг солирыг олон улсын хууль дүрмийн дагуу гаргасан гэж мэдэгдэж, “Энэ чулуу сансрын уудамд 225 сая километр зам туулсны эцэст дэлхийн агаар мандлыг нэвтэрч, Сахарын цөлд унасан” гэж тайлбарлажээ.
Солирыг анх олсон хүмүүс олон улсын дилерт худалдсан бөгөөд дараа нь Италид үзэсгэлэнд тавигдаж, улмаар Нью-Йорк хотод ирсэн байна. Нижерийн засгийн газартай хамтран ажилладаг Америкийн палеонтологич Пол Серено “Энэ бол хууль бус экспортын бүх шинж тэмдэгтэй. Хэрвээ сансарт байхдаа та шүүрч авсан бол өөр хэрэг, харин энэ газар дээр унасан тул Нижерийн өмч” гэж онцоллоо.
Дэлхийн улс орнууд солирын өмчлөлөө өөр өөрийн хуулиар зохицуулдаг. Жишээ нь АНУ-д солир нь эзэмшил газар дээр нь унасан бол тухайн газрын эзний өмч болдог бол Нижер улсад энэ асуудал “үндэсний соёлын өв”-ийн хуулиар зохицуулагдаж, засгийн газрын өмчид тооцогддог байна.
NWA 16788 нэртэй уг солир нь шинжлэх ухааны судалгаанд онцгой ач холбогдолтой бөгөөд Ангараг гарагийг астероид мөргөх үед сансарт цацагдсан чулуулгийн нэг хэсэг гэж эрдэмтэд үзэж байна.