Өмнөд Солонгосын алдарт дуучин, “Хүргэлт ирлээ” шоуны оролцогч Ким Жон Күк 49 насандаа гэрлэх гэж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ мэдээгээ фэнүүддээ өөрийн гараар бичсэн захианы хамт албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан хүргэжээ.
“Ийм зүйл бичих өдөр ирнэ гэж үргэлж төсөөлдөг байсан ч яг одоо бичиж суухад үнэхээр сандарч байна. Намайг олон жил дэмжсэн та бүхэндээ хамгийн түрүүнд энэ мэдээг дуулгахыг хүссэн юм. Би гэрлэхээр боллоо” хэмээн Ким Жон Күк бичжээ.
Түүний хэлснээр энэ жил уран бүтээлийн замналынх нь 30 жилийн ой тохиож байгаа ч цомог гаргахын оронд амьдралынхаа шинэ алхмыг хийхээр шийдсэн аж. “Оройтсон ч гэсэн өөрийн нөгөө хагасыг олж чадсандаа баяртай байна. Би сайн сайхан амьдралын төлөө бүхнээ зориулна” гэж тэр нэмжээ.
Хурим нь ойрын хугацаанд зөвхөн гэр бүл, ойр дотныхны хүрээнд болох гэнэ.
Саяхан Сөүл хотын Нонхён-дон дүүрэгт тэрээр орон сууц худалдан авсан тухай мэдээ гарсан бөгөөд Ким өөрөө ч телевизийн нэвтрүүлгээр энэ мэдээллийг баталсан юм.
Уран бүтээлийн замнал
Ким Жон Күк 1995 онд “Турбо” дуэт хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, дараа нь “One Man”, “Lovable”, “Walking in One Spot” зэрэг хит дуугаар бие даасан дуучны хувьд нэрд гарсан. Тэр мөн “X-Man”, “Running Man”, “My Little Old Boy” зэрэг олон алдартай шоу нэвтрүүлэгт оролцож, өргөн хүрээнд алдаршсан билээ.