Польшийн агаарын орон зайд Оросын нисгэгчгүй онгоц орж ирсний дараа НАТО-гийн хэд хэдэн гишүүн улс зүүн жигүүрийн батлан хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээ авч эхэллээ.
Лхагва гарагийн өглөө гурван дроныг Польш болон түүний холбоотнууд устгасан бөгөөд үлдсэн хэсгийг хил орчмоос олсон байна. Энэ хэрэг явдлын дараа Варшав НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд асуудлыг хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, хуралдааныг Баасан гарагт товложээ.
Халдлагын хариуд Нидерланд, Чех зэрэг улсууд агаарын довтолгооноос хамгаалах систем болон цэргийн хүчээ Польш руу илгээх шийдвэр гаргасан. Литва улс Германы нэгэн бригадыг нутаг дэвсгэртээ байрлуулахаар болсон бол Берлин Польшийн агаарын орон зайд аюулгүй байдлын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдэгдэв. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Польшийн хамгаалалтад гурван Rafale сөнөөгч илгээхээ албан ёсоор зарласан байна.
Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косняк-Камыш парламентдаа мэдээлэл хийхдээ Нидерланд улс 300 цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, их буу илгээх, Чех улс 100 цэрэг, нисдэг тэрэг илгээхээр болсон талаар дурдав. Үүнээс гадна Франц, Их Британи байлдааны онгоцоо Польшид байрлуулах гэж буйгаа зарлажээ. Тэрээр: “Польш улс түүхийнхээ турш эв нэгдлийн тухай хоосон амлалтыг олон сонсож ирсэн. Харин одоо бид бодит алхмуудыг харж байна” гэж онцолсон юм.
Оросын дронууд өмнө нь ч НАТО-гийн гишүүн орны агаарын хилд зөрчил гаргаж байсан ч энэ удаагийн хэрэг явдал нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн ноцтой тохиолдол болжээ. Польш, Европын удирдагчид үүнийг зориудын өдөөн хатгалга гэж дүгнэсэн. Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки “Оросын энэхүү өдөөн хатгалга нь бидний чадавхийг шалгах гэсэн оролдлого төдий зүйл биш гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн нь Германы болон Францын удирдагчдын байр суурьтай нийцэж байгаа юм.
Хэрэг явдлын дараа Польш Беларусь, Украинтай хиллэх хэсэгт нисгэгчгүй болон жижиг онгоцны нислэгийг хязгаарлав. Латви ч мөн агаарын зүүн хэсгээ долоо хоногийн турш хаахаар болсон. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский холбоотнуудад туршлагаа хуваалцан, агаарын довтолгооноос хамгаалах сургалт явуулах санал тавьжээ.
Баасан гарагт эхэлж буй Орос-Беларусийн хамтарсан “Запад 25” сургуулилалт зүүн Европын улсуудын түгшүүрийг нэмэгдүүлж байна. Польш энэ сургуулилалттай зэрэгцүүлэн Беларусийн хилээ бүрэн хаах шийдвэр гаргасан бол Москва Варшавыг ийм алхам хийхгүй байхыг уриалсан. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Ийм хор хөнөөлтэй алхмын үр дагаврын талаар бодож, шийдвэрээ аль болох хурдан эргэн харахыг Варшавт уриалж байна” гэж мэдэгдэв.
Өмнөх “Запад” сургуулилалтад 200 мянга орчим цэрэг оролцож байсан бол энэ жил 30 мянган хүн оролцох төлөвтэйг Литвын тагнуулын байгууллагын дарга Миндаугас Мазонас онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч “Польшийн агаарын орон зайг Оросын тал дроноор зөрчдөг нь ямар учиртай вэ? Юм эхэллээ!” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байна. Польшийн ерөнхийлөгч Навроцки холбоотнуудаа хэд хэдэн удаа зөвлөлдөхөөр хандсан талаар өчигдөр мэдээлсэн юм.