Балба, Индонез дахь залуусын хөдөлгөөн
Авлига болон ажилгүйдлийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд Балба болон Индонез улсад нэгэн зэрэг өрнөж эхэллээ. Хоёр улс хоорондоо 3200 км алслагдсан ч уг хөдөлгөөний ижил тал нь 1997–2012 онд төрсөн Z үеийнхний удирдлага дор өрнөж буйд оршино.
Азийн ардчилсан тогтолцоотой эдгээр хоёр улсын хүн амын тал орчим хувийг 30-аас доош насныхан бүрдүүлдэг. Гэвч жагсаалын шууд шалтгаан харилцан адилгүй байв. Балбад цахим сүлжээг хаасан нь эсэргүүцэл өрнөхөд хүргэсэн бол Индонезид төрийн албан тушаалтнуудыг тансаг урамшууллаар шагнасан нь иргэдийн бухимдлыг өдөөжээ.
Залуусыг нэгтгэж буй гол асуудал
Хэдийгээр нөхцөл өөр боловч тэднийг нэгтгэж буй хүчин зүйл нь залуусын ажилгүйдэл, авлигын газар авсан байдал болон эдийн засгийн тэгш бус хуваарилалт юм. Мелбурн их сургуулийн Ази судлаач профессор Веди Хадиз “Ажил эрхлэлтийн байдал тогтворгүй байна. Дээд боловсролтой залууст хүртэл ажлын байр олдохгүй байна” хэмээн тэмдэглэжээ.
Дэлхийн Банкны мэдээллээр өнгөрсөн жил Индонезид 15–24 насныхны 14 хувь нь ажилгүй байсан бол Балбад энэ тоо бүр өндөр буюу 20 хувьтай гарсан байна. Энэ нь олон залуусыг эх орноо орхин хөрш Энэтхэг болон Ойрхи Дорнодын улс орнууд руу ажил хайхаар явахад хүргэжээ. Тэнд очсон хүмүүсийн ихэнх нь хүнд хүчир ажил хийхээс өөр сонголтгүй болж байна.
Эдийн засгийн дарамт
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Индонез улсад ногдуулсан 19 хувийн татвар болон Балбад ногдуулсан 10 хувийн татвар нь эдгээр орны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж, залуусын бухимдлыг улам нэмэгдүүлсэн гэж ажиглагчид дүгнэж байна.