Токио дахь 20 дахь ДАШТ
Японы нийслэл Токио хотноо хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 198 орны тамирчид 49 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 53 улс медалийн салхийг хагалж, АНУ 16 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн манлайллаа. Энэ удаа Япон гурав дахь удаагаа (1991, 2007, 2025) тэмцээнийг зохион байгуулсан юм.
АНУ хамгийн олон буюу 141 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, багийн чансаагаар тэргүүлэв. Тэднийг Италийн 88, Австралийн 86, Германы 83, Японы 80 тамирчин дагалаа.
Монголын тамирчдаас марафонд Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Гавьяат тамирчин Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорьсон.
Монголын тамирчдын оролцоо
43 настай Б.Сэр-Од 2:30:09 цагийн амжилтаар барианд орж 65 дугаар байрт шалгарсан. Тэрбээр 2003 оноос өнөөдрийг хүртэл олимп, дэлхийн 18 тэмцээнд оролцсон рекорд амжилтаараа Монголын спортын түүхэнд бичигдээд буй. Сэр-Од 2011 онд БНСУ-д болсон ДАШТ-д 19-р байр эзэлж, замналынхаа оргилд хүрч байсан бол 2014 онд Фүкүокагийн марафонд хувийн дээд амжилтаа 2:08:50 цагт тогтоож байжээ.
Дэлхийн шинэ рекорд
Энэ удаагийн ДАШТ-ээс дэлхийн рекорд тогтоосон ганц тамирчин нь Шведийн Мондо Дюплантис байлаа. Тэрбээр өөрийн тогтоосон дээд амжилтыг ахиулж, шонгийн харайлтад 6.30 метр давснаар 170 мянган ам.долларын урамшуулал хүртэв. Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо ДАШТ-д дэлхийн дээд амжилт тогтоосонд 100 мянга, түрүүлсэнд 70 мянган ам.долларын шагнал олгодог. 26 настай Дюплантис 2020 оноос хойш өөрийнхөө дээд амжилтыг 14 удаа шинэчилж байна.
Самоагийн түүхэн медаль
Самоа улс хөнгөн атлетикийн ДАШТ-ээс түүхэндээ анхны медалиа хүртлээ. Зээрэнцэг шидэлтийн төрөлд Алекс Рөүз 66.96 метрийн амжилтаар хүрэл медаль авч, улсынхаа нэрийг түүхэнд мөнхөлсөн. АНУ-д төрсөн тэрбээр ахлах сургуульдаа америк хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэж байсан ч зээрэнцэг шидэлтэд төвлөрснөөр амжилтад хүрсэн юм. 2012 оноос эцгийнхээ нутаг Самоагийн иргэншлийг сонгожээ.
Буухианы гайхамшиг
АНУ-ын эрэгтэйчүүд 4х100 метрийн буухианд аварга цолоо хамгаалж, Ноа Лайлс энэ удаагийн ДАШТ-ээс гурав дахь медалиа авлаа. Тэрбээр 200 метрт алт, 100 метрт хүрэл медаль хүртээд байв. Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухианд мөн АНУ түрүүлж, Ямайка мөнгө, Герман хүрэл медаль хүртэв.
Энэ амжилтаар Ямайкийн домогт гүйгч Шелли-Энн Фрайзер Прайс 38 насандаа ДАШТ-ээс 17 дахь медалиа аван их спортоо орхиж буйгаа зарлав. Тэрбээр олимпын наадмаас 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл, дэлхийн аваргаас 10 алт, 6 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн гайхамшигт карьерынхаа цэгийг ийн тавилаа.






Манай тамирчид ч гэсэн олон улсын тэмцээнд амжилт гаргах болтугай
Бэлтгэл сургуулилт ямар чухал болохыг дахин харууллаа