Махны үнэ
2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн үнийн ажиглалтаар махны дундаж үнэ тодорхой болжээ. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16,768 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20,737 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 24,485 төгрөг болсон байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дээд зэрэг нь дунджаар 3,412 төгрөг, I зэрэг нь 2,443 төгрөг, II зэрэг нь 1,377 төгрөгийн үнэтэй байна. Харин хэрэглэгч олноор үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд дээд зэрэг нь 3,200 төгрөг, I зэрэг нь 2,400 төгрөг, II зэрэг нь 1,500 төгрөгөөр худалдаалагджээ.
Хүнсний ногооны үнэ
Хүнсний ногооны үнийн хувьд бууралт ажиглагдсан нь хэрэглэгчдэд таатай мэдээ болов. Хүрэн манжин 3,760 төгрөг болж 0.2 хувиар буурсан бол монгол лууван 1.3 хувиар багасч 3,345 төгрөг болсон байна. Мөн монгол төмс 3.0 хувиар буурч 2,478 төгрөг, монгол сонгино 7.6 хувиар буурч 3,942 төгрөг, монгол байцаа 1.5 хувиар буурч 3,581 төгрөгийн дундаж үнэтэй болжээ.