АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаны дараа Украины дайны талаар байр сууриа тодорхой илэрхийллээ. Тэрбээр Украины алдагдсан газар нутгийг Европын холбоо болон НАТО-гийн тусламжтайгаар бүрэн буцаан авч чадна гэж үзэж буйгаа сошиал хуудсандаа бичжээ.
Трампын байр суурь өөрчлөгдөв
“Украин улс Европын Холбооны тусламжтайгаар үндсэн газар нутгаа бүгдийг нь буцаан авч чадна гэж би бодож байна. Цаг хугацаа, тэвчээр, Европын санхүүгийн дэмжлэг, ялангуяа НАТО-гийн дэмжлэгийн үр дүнд дайн эхлэх үеийн анхны хил хязгаараа сэргээх боломж маш их юм” гэж тэр онцолсон байна.
Трамп мөн Оросын армийн сул талыг онцолж, “Жинхэнэ хүчирхэг армитай улс долоо хоног хүрэхгүй хугацаанд ялж болох дайнд Орос улс гурван жил хагасын турш зорилгогүй тулалдаж байна. Энэ дайн Оросыг онцгойруулж чадсангүй. Үнэндээ тус улсыг ‘цаасан бар’ мэт харагдуулж байна” гэж мэдэгджээ.
Зеленскийтэй уулзсан нь
Өмнө нь ээдрээтэй харилцаатай байсан Трамп, Зеленский нар энэ удаагийн уулзалтаар харилцаагаа илүү ойр болгосон харагдав. Трамп “Бид Украины явуулж буй тэмцлийг маш их хүндэлдэг” гэж хэлэхэд, Зеленский тулааны талбараас “сайн мэдээ”-тэй ирснээ дуулгасан юм. Түүнчлэн тэр АНУ-ын ерөнхийлөгчийн дайныг дуусгах хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.
Хориг арга хэмжээ ба Европын холбоотнууд
Трампын үзэж буйгаар дайныг богино хугацаанд дуусгахад хамгийн чухал хүчин зүйл нь хүчтэй хориг арга хэмжээ юм. Тэрээр Европын холбоотнуудаа Оросын газрын тосыг худалдаж авахаа бүрмөсөн зогсоохыг уриалжээ. Зеленскийтэй уулзахаас өмнө Трамп Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй уулзан, Оросын эсрэг авах дараагийн хоригийн талаар ярилцсан байна.
Дайны ирээдүй
АНУ болон Европын Холбоо одоо эдийн засгийн дарамтыг улам нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэж байна. Трампын зүгээс энэ дайн Оросын удирдлагын сул талыг харуулсан бөгөөд сайн удирдагч улс орноо юунд хүргэж болохыг тод томруун харуулсан гэж онцолжээ.