АНУ-ын шатдаун ба криптовалютын өсөлт
АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа төсвийн хуулийг хугацаанд нь баталж чадаагүйн улмаас түр зогссон энэ үед (шатдаун) биткоины үнэ огцом өсөж, 116 000 ам.доллар давлаа. CNBC-ийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдлын үед биткоиныг алттай дүйцэх найдвартай хөрөнгө гэж үзэж эхэлсэн нь үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.
“Binance” биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины ханш 3.1 хувиар өсөж, 116 628 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын шатдаун: эдийн засагт үзүүлэх нөлөө
АНУ-ын Конгресс аравдугаар сарын 1-ний дотор ирэх санхүүгийн жилийн төсвийг баталж чадаагүйгээс болж төрийн үйл ажиллагаа 2019 оноос хойш анх удаа зогслоо. Үүний улмаас:
- 750 мянга орчим төрийн албан хаагч албадан амралтад гарсан,
- Улсын төсөв өдөрт ойролцоогоор 400 сая ам.долларын алдагдал хүлээж байна.
Ардчилсан намын төлөөлөгчид “Obamacare” эрүүл мэндийн даатгалын татварын хөнгөлөлтийг сунгахыг шаардаж буй бол Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоонд хүрэхгүй бол “маш олон хүн”-д олгогддог төрийн тэтгэмжийг танахаа мэдэгджээ.
Хөрөнгө оруулагчдын чиг хандлага
Биткоины өсөлт нь хөрөнгө оруулагчид криптовалютыг улам бүр найдвартай хөрөнгө гэж харж эхэлж буйг илтгэнэ. Үүний зэрэгцээ уламжлалт эрсдэлтэй хөрөнгүүдийн үнэ буурч байна:
- S&P 500 индексийн фьючерс 0.43% унасан,
- Nasdaq 100 индексийн гэрээ 0.5%-иар буурсан байна.
Биткоины үнэ ба түүхэн дээд түвшин
Он гарснаас хойш биткоины ханш 25 орчим хувиар өсжээ. Үүнд:
- Уолл-стритийн томоохон институцийн хөрөнгө оруулагчдын криптовалютын талаарх эерэг хандлага,
- Дэлхий даяарх хөрөнгө оруулагчид биткоиныг хурдан ашиг олох хэрэгсэл төдийгүй хөрөнгө оруулалтын багцын чухал бүрэлдэхүүн гэж үзэх болсон нь нөлөөлсөн байна.
Биткоины хамгийн дээд ханш түүхэндээ 124 457 ам.доллар хүрч байсан билээ.