Египетийн нийслэл Каирын хойд талын дагуул хотод шатахуун тээвэрлэж явсан ачааны машин осолдож, гал гарсны улмаас 31 хүн нас барж, 21 хүн түлэгдэж гэмтсэн байна. Deutsche Welle-ийн мэдээллийг Казинформ агентлаг уламжилжээ.
Аврах ажиллагаанд түргэн тусламжийн 39 машин оролцжээ
Египетийн Эрүүл мэндийн яам ослын талаарх мэдээллийг X платформ дахь албан ёсны хуудсандаа нийтэлсэн байна. Тус яамны мэдээлснээр, аврах ажиллагаанд түргэн тусламжийн 39 автомашин дайчлагджээ.
Эрүүл мэндийн сайд Халед Абдель Гаффар ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэн гэмтэж бэртсэн хүмүүстэй уулзсан байна. Осол Каир орчмын тойрог хурдны замд гарсан бөгөөд шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа аж.
Дэлбэрэлтийн дараа ойролцоох автомашинууд шатсан байна
Нэгэн гэрчийн өгүүлснээр, ачааны машин эгнээ хооронд сүлжин явж байгаад замын урсгал тусгаарлах хашлагыг мөргөжээ. Улмаар дэлбэрэлт болж, гал ойролцоох автомашинуудад хормын дотор тархсан байна.
Харин төрийн мэдлийн Al-Ahram сонин эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан өөр нөхцөл байдлыг дурджээ. Тус мэдээллээр, машины урд өндөр хүчдэлийн шугамын кабель унаснаас жолооч жолоодлогоо алдаж, чиглэлээ огцом өөрчилсөн байна. Үүний дараа ачааны машин эсрэг урсгалд орж онхолдоод дэлбэрсэн гэжээ.
Египетийн Ерөнхий прокурорын газар ослын нөхцөл байдал, шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхийг үүрэг болгов
Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси болон тэргүүн хатагтай Интисар нар амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Мөн шаардлагатай тусламжийг үзүүлэх чиглэл өгсөн байна.
Egypt Independent сонины мэдээлснээр, осолдсон тээврийн хэрэгсэл Газрын тос, байгалийн нөөцийн яаманд харьяалагддаггүй бөгөөд шатахуун тээврийн хувийн компанийн эзэмшлийнх байжээ. Харин Egypt Today сонин уг машинаар хий тээвэрлэж байсан байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.