БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвараараа нэгэн цэргийн алба хаагчийн амийг аварсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татлаа.
Хүнд нөхцөлд хагалгааг удирдав
Хумхаа өвчнөөр өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом муудаж, дотуур цус алдан шоконд орсон тул 3 дугаар шатны эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлага гарсан. Гэвч өвчтөний байдал тээвэрлэх боломжгүй болж, амь насанд нь шууд аюул учирсан учир хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгт яаралтай мэс засал хийх шийдвэр гаргасан байна.
Тэрбээр зөвхөн хагалгааг удирдаад зогсохгүй, мэдээгүйжүүлэгч эмчийн үүргийг ч гүйцэтгэжээ. Үүний үр дүнд бүтэн задран идэвхтэй цус алдсан дэлүүг авах мэс заслыг амжилттай хийж, 4 литр цус сэлбэн, өвчтөний амийг аварсан байна.
Олон улсын түвшинд өндөр үнэлгээ авлаа
Ийм төрлийн хүнд мэс засал нь ердийн үед 3, 4 дүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийгддэг. Гэсэн хэдий ч хурандаа С.Нэргүй мэргэжлийн ур чадвараа харуулан 2 дугаар шатны эмнэлэгт амжилттай гүйцэтгэснээр олон улсын түвшинд өндөр үнэлгээ авчээ.
Түүний энэ үйлдлийг үнэлж, НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга, Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч болон цэргийн багийн захирагч, удирдлагууд талархал илэрхийлсэн байна. Мөн Цэргийн хүчний командлагч өөрийн биеэр ирж баяр хүргэн, мэргэжлийн ур чадвар, эр зоригийг сайшаажээ.





