Хятадын Ченду хотод “Xiaomi SU7” цахилгаан автомашин шатаж, жолооч амиа алдсан ноцтой осол гарлаа. Орон нутгийн цагаар 2025 оны 10-р сарын 13-ны 03:16 цагт гарсан уг ослын үеэр автомашин өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний дараа гал гарч, хаалга автоматаар түгжигдсэн байна.
Жолооч хаалгаа онгойлгож чадалгүй, автомашин дотроо шатаж амиа алджээ. Ослын гэрчүүд цонхыг эвдэж, жолоочийг аврахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна.
Уг харамсалтай хэрэг нь цахилгаан автомашины аюулгүй байдлын систем, ялангуяа автомат түгжээний механизмын найдвартай байдалд эргэлзээ төрүүлж, хэрэглэгчдийн дунд болгоомжлол үүсгээд байна.
Одоогоор “Xiaomi” компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч ослын дараа тус компанийн хувьцааны үнэ 8.7 хувиар буурсан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлэв.
Мэргэжилтнүүд уг ослын шалтгааныг тодорхойлохын тулд техникийн үзлэг, шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ослын нарийн нөхцөл байдал удахгүй тодорхой болох төлөвтэй байна.