Улсын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог урлагийн нэгэн оргил болох Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин амилуулж, үзэгчдийн хүртээл болгож байна.
Тус жүжиг арваннэгдүгээр сарын 1-нд, буюу энэ бямба гарагт 16:00 цагаас тайзнаа дахин тоглогдох бөгөөд театрын тайзан дээр уран бүтээлчид хайр, үзэн ядалт, хувь тавилангийн түүхийг орчин цагийн уран сайхны шийдэлтэйгээр үзүүлнэ.
Сонгодог бүтээлд шинэ амьсгал
“Ромео Жульетта” нь үзэсгэлэнт Верона хотын хоёр өрсөлдөгч гэр бүл — Капулетти, Монтекки нарын үе дамжсан дайсагнал, өш хонзонгийн дунд ургасан цэвэр, гэгээлэг хайрын түүхийг өгүүлдэг. Хоёр залуугийн учрал нь хайр дурлалын хүч, уучлал, хувь тавилантай тэмцэх хүний сэтгэлийн гүн гүнзгий илэрхийлэл болдог билээ.
Шинэ бүрэлдэхүүн, орчин үеийн тайзны шийдэл, гэрэлтүүлэг, хөгжмийн найруулга нь энэхүү сонгодог бүтээлд шинэлэг уур амьсгал, орчин үеийн мэдрэмж шингээж байна. Театрын уран бүтээлчид үзэгчдэд сонгодог жүжгийн мөн чанарыг алдагдуулахгүйгээр, шинэ өнгө аясаар амилуулахыг зорьжээ.
Үзэгчдэд хүрэх онцгой орой
Тус жүжгийн найруулагчаар Б.Энхээ (СТА) ажиллаж, продюсероор Н.Ариунболд (МУГЖ), уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг (УГЗ, АБ) ажиллажээ. Мөн ерөнхий зураачаар Г.Ганбаатар (УГЗ), хөгжмийн зохиолчоор С.Алтанзавъяа (СТА), бүжиг дэглээчээр М.Нямтайван (СТА), хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр (СТА), хувцасны зураачаар Д.Хулан тус тус оролцож байна.
Тасалбарыг Ticket.mn сайтаар болон Улсын Хүүхэд, залуучуудын театрын кассаар худалдаж авах боломжтой.






Би үнэхээр хармаар байна
Ромео, Жулетта хоёрын хайрын түүх хэзээ ч хуучрахгүй шүү