Дэлхийн байгаль орчны төлөөх хамгийн нэр хүндтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох “Miss Earth-2025” энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж, 82 орны мисс өрсөлдлөө.
Чехийн оюутан дэлхийн титэм хүртлээ
Энэ жилийн “Miss Earth” тэмцээний ялагчаар Чех улсын 21 настай Натали Пушкинова тодорч, дэлхийн миссийн титмийг хүртэв. Тэрээр “Univerzita Karlova” их сургуульд олон нийттэй харилцах чиглэлээр суралцдаг оюутан юм.
Натали 16 настайдаа аавыгаа алдсан бөгөөд энэ явдал түүнд байгаль орчны төлөө тэмцэх урам зориг өгсөн гэжээ. Тэрээр хүнсний хаягдлыг багасгах, залуучуудыг байгаль хамгааллын үйлсэд татан оролцуулах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд усанд шумбах дуртай, далайг цэвэр байлгахын төлөө хичээн зүтгэдэг.
Энэ бол Чех улсын хувьд тус тэмцээний хоёр дахь түрүү — өмнө нь 2012 онд Тереза Файксова “Miss Earth”-ийн титэм хүртэж байв.
Дэд байрууд
Тэмцээний бусад ялагчид дараах байдлаар тодорлоо:
- Miss Earth Air – Соллис Вала Иварсдоттир (Исланд)
- Miss Earth Water – Чинь Ми Ань (Вьетнам)
- Miss Earth Fire – Вари Нгамкхам (Тайланд)
Байгаль хамгааллын уриатай тэмцээн
“Miss Earth” тэмцээн нь зөвхөн гоо үзэсгэлэнгээр бус, оролцогчдын экологийн боловсрол, нийгмийн хариуцлагыг үнэлдгээрээ бусад олон улсын тэмцээнээс ялгардаг.
Тэмцээний үеэр оролцогчид байгаль орчны асуудлаар илтгэл тавьж, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгуудаа танилцуулсан юм.






