Reuters-ийн мэдээлснээр, алтны дэлхийн ханш даваа гарагт 2 хувиас дээш өсөж, сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. АНУ-ын эдийн засгийн шинэ статистик нь Холбооны нөөцийн сан (ФРС) бодлогын хүүг бууруулах хүлээлтийг нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчид “аюулгүй хөрөнгө” болох алт руу хошуурч байна.
Алтны ханш 4079 ам.доллар давлаа
Нэг унц алтны spot үнэ 4079.71 ам.долларт, харин 12 дугаар сард нийлүүлэх фьючерсийн үнэ 4090.80 ам.долларт хүрчээ. Энэ нь 2025 оны аравдугаар сарын 27-ноос хойших хамгийн дээд түвшин юм.
Ам.долларын ханш суларснаар гадаадын худалдан авагчдын хувьд алт илүү хямд болж, эрэлт нэмэгдэж байна.
АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд ба алтны өсөлт
“Zaner Metals” компанийн дэд ерөнхийлөгч, металлын ахлах стратегич Питер Грант:
“АНУ-ын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд ФРС-ийг хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлсэн. 12 дугаар сард бодлогын хүү буурах бүрэн боломжтой,” хэмээн онцолжээ.
АНУ-д аравдугаар сард ажлын байр буурч, засгийн газар болон жижиглэн худалдааны салбарууд алдагдал хүлээсэн байна. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ч унасан нь эдийн засгийн уналтын талаарх болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
2026 оны эхэнд 5000 ам.доллар хүрч магадгүй
“CME Group FedWatch”-ийн тооцоогоор, ФРС 12 дугаар сард хүүгээ бууруулах магадлал 67 хувь, нэгдүгээр сард 80 хувь болж өсөх төлөвтэй байна.
Бодлогын хүү буурахад алтны үнэ ихэвчлэн өсдөг бөгөөд шинжээчид оны эцэс гэхэд алтны ханш 4200–4300 ам.долларын хооронд, ирэх оны эхний улиралд 5000 ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байна.
Бусад үнэт металлын ханш ч өсөв
- Мөнгө: +3.2% өсөж, унц нь 49.84 ам.доллар
- Цагаан алт: +1.4% өсөж, унц нь 1566.08 ам.доллар
- Палладий: +1.1% өсөж, унц нь 1396.50 ам.доллар






Алтны үнэ өсөхөөр хүмүүс хадгаламж, хөрөнгө оруулалтаа дахин үзэх хэрэгтэй болно