Шинэ тоног төхөөрөмж Монгол-Японы эмнэлэгт ирлээ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) харьяа Монгол-Японы Төв Эмнэлэгт “Ellex SLT Tango” сонгомол лазер трабекулопласти (SLT) аппарат албан ёсоор нэвтрүүлжээ.
Уг төхөөрөмжийг Австралийн “Sight For All” олон улсын байгууллага, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр АШУҮИС-тай хамтран оруулж ирсэн байна.
Яагаад энэ чухал вэ?
“Nээлттэй өнцөгт глаукомын эмчилгээний олон улсын удирдамжид Ellex SLT Tango сонгомол лазер трабекулопластийг анхны сонголтын эмчилгээ гэж тодорхой заасан байдаг. Энэ нь өндөр үр дүнтэй, хамгийн аюулгүй аргуудын нэг” гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Энэхүү технологи нэвтэрснээр:
- глаукомын эрт үеийн эмчилгээний чанар эрс дээшилнэ
- нүдний даралтыг эмгүйгээр, хагалгаагүй бууруулах боломж бүрдэнэ
- эмчилгээний хүртээмж, ялангуяа хөдөө орон нутагт нэмэгдэх суурь тавигдана
Монгол-Японы эмнэлэг энэ аппарат ашиглан ойрын хугацаанд өвчтөнүүдийг хүлээн авч эхлэхээр төлөвлөжээ.





