Оюутны бослогын хэрэг дээд хэмжээнд хүрлээ
Бангладешийн шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан Шейх Хасина-д хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр эчнээгээр цаазаар авах ял оноосон талаар даваа гарагт мэдээллээ.
78 настай Хасина нь өнгөрсөн онд болсон оюутны эсэргүүцлийн бослогыг хүчээр дарах тушаал өгсөн, эсэргүүцлийг өдөөн турхирсан, хүний амь хохирох нөхцөлийг бүрдүүлсэн гэж шүүх үзжээ. Уг бослого нь 2024 оны наймдугаар сард түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэсэн бөгөөд үүнээс хойш улс төрийн хямрал үргэлжилж байна.
Шүүхийн шийдвэрийг үндэсний телевизээр шууд дамжуулав
Шийдвэрийг Дакка хотын шүүхэд хэлэлцэж, үндэсний телевизээр шууд дамжуулсан нь улс даяар анхаарлын төвд орсон үйл явдал болов. Энэ нь Хасинаг огцруулснаас хойш зохион байгуулагдах анхны бүх нийтийн сонгуулиас /2026 оны хоёрдугаар сар/ өмнөх хамгийн том улс төрийн шийдвэр гэж ажиглагчид дүгнэж байна.
Шүүгч Гол Мортуз Мозумдер "хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг нотолсон" хэмээгээд, Хасинаг хүмүүсийг өдөөн турхирсан, хүний амь насанд хүрэх тушаал өгсөн, хүнд гэмт хэрэг үйлдэх боломж олгосон гэсэн гурван зүйл ангиар гэм буруутайд тооцсон байна. Тэрбээр "Бид түүнд зөвхөн цаазын ял оноохоор шийдвэрлэлээ" хэмээн онцолжээ. Бангладешт цаазаар авах ялыг дүүжилж гүйцэтгэдэг.
Дотоод хэргийн сайд асан мөн цаазаар, цагдаа асанд хорих ял
Иргэн Асадуззаман Хан Камал, Дотоод хэргийн сайд асан, мөн хүмүүнлэгийн эсрэг дөрвөн гэмт хэрэгт буруутайд тооцогдон цаазаар авах ял сонссон байна. Тэр одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа гэж мэдээлжээ.
Харин цагдаагийн дарга асан Чоудхури Абдулла аль-Мамун шүүх хуралд оролцон мэдүүлэг өгсний дараа таван жилийн хорих ял авсан байна. Түүнийг жагсаал, бослогын үеэр хүч хэрэглэсэн ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцсон ч шийдвэр гаргах гол түвшинд байгаагүй гэж үзжээ.
Хасина: “Улс төрийн сэдэлтэй, урьдчилан төлөвлөсөн ял”
Шейх Хасина шүүх хуралд өөрөө оролцоогүй бөгөөд улсаас томилогдсон өмгөөлөгчөөр дамжуулан хамгаалалт авсан. Тэр одоогоор Энэтхэгт орогнол авч байгаа бөгөөд тэндээсээ хийсэн мэдэгдэлдээ шийдвэрийг "нэг талыг барьсан, улс төрийн сэдэлтэй" хэмээн эрс шүүмжилжээ. Мөн "яллах дүгнэлтийг урьдчилан төлөвлөсөн байсан" гэж онцлон мэдэгдсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Бангладешийн эрх баригчид Энэтхэгийн Засгийн газарт Хасина, Камал нарыг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаад байна. Нью Дели энэ хүсэлтэд хэрхэн хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хоёр улсын харилцаанд нөлөөлөх магадлалтайг шинжээчид анхааруулж байна.
1400 хүний амь эрсэдсэн мөргөлдөөн, аюулгүй байдлыг чангатгав
НҮБ-ын мэдээллээр, оюутны эсэргүүцэл, эсрэг жагсаалыг тараах ажиллагааны үеэр 1400 хүн амиа алджээ. Ийм өндөр тоо баримт нь шүүхийн шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн гэж прокурорын баг мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дараа Дакка хотод аюулгүй байдлыг эрс чангатгаж, шүүхийн байр орчимд хуягт машин байрлуулж, шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаасан бөгөөд нийслэл даяар олон мянган цагдаагийн албан хаагчийг байршуулжээ.
Сүүлийн саруудад Даккад гар хийцийн бөмбөг дэлбэрэх, жагсагчид түр Ерөнхий сайд Мухаммед Юнустэй холбоотой барилга, автобус, христийн сүмүүд рүү шатамхай бодис бүхий лонх шидэх зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл олон гарч, улс төрийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна.





