Хаалганы цоож онгойлгохыг хэд хэдэн удаа оролдсон нь камераар бичигджээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага BTS хамтлагийн гишүүн Жунгүүкийн гэрт нэвтрэхийг завдсан Япон улсын иргэн эмэгтэйг албан ёсоор шалгаж эхэлсэн тухайгаа өчигдөр мэдээллээ.
Цагдаагийн мэдэгдлээр 50 гаруй насны уг эмэгтэй энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдийн хооронд Сөүл хотын Ёнсан дүүрэгт байрлах Жунгүүкийн орон сууцны үүдэнд хэд хэдэн удаа ирж, хаалганы цоожийг онгойлгохыг завдсан байна. Түүний үйлдэл байранд суурилуулсан хяналтын камеруудад тодорхой бичигдсэн бөгөөд бичлэгийг үзээд оршин суугчдын нэг нь цагдаад мэдээлж өгчээ.
Үүний дараа Ёнсан дүүргийн цагдаагийн газар орон байрны хулгайн оролдлогын хэрэг үүсгэн, тухайн эмэгтэйн хэн болох, хэргийн зорилго, давтамж, урьд өмнө ижил төрлийн үйлдэл гаргаж байсан эсэхийг шалгаж эхэлсэн байна. Одоогоор хэрэг мөрдөн шалгалтын шатандаа явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөхөөс цагдаа татгалзжээ.
Жунгүүкийн гэр рүү нэвтрэх оролдлого анхных нь биш
Жунгүүкийн хувийн орон зайд халдах оролдлого энэ удаагаар хязгаарлагдахгүй бололтой. Зургаадугаар сарын эхээр мөн нэгэн эмгэнэлтэй төстэй тохиолдол гарч, Хятадын 30 гаруй настай эмэгтэй дуучны гэрт нэвтрэхийг завдан саатуулагдаж байсан. Гэвч тухайн үед хэрэгт төлөвлөсөн халдлага, бодит хохирол тогтоогдоогүй гэж үзэн ямар нэгэн ноцтой шийтгэл оногдоогүй өнгөрсөн байдаг.
Ийнхүү алдар нэртэй уран бүтээлчдийн хувийн хаяг, гэрийн хаяг олонд ил болж, фен нэрийн дор хэтэрхий туйлширсан хүмүүс гэрт нь нэвтрэхийг завдах тохиолдол дахин давтагдаж байгаа нь Өмнөд Солонгосын олны танил хүмүүсийн аюулгүй байдал, хамгаалалтын бодлогыг чухалчлан ярих шаардлагыг нэмэгдүүлж байна.





