-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

21 настай Аонишики Эзэн хааны цом авч, Асашёорюүгийн рекордыг бут ниргэлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын башё сенсациар өндөрлөлөө. Секивакэ Аонишики Данило Явгушин макүүчи буюу Дээд зиндаанд түрүүлж, ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн тогтоосон рекордыг эвдэв.

Асашёорюүгийн “хамгийн залуу аварга” гэсэн амжилтыг эвдсэн нь

Аонишики 21 нас, 8 сартайдаа Эзэн хааны цом хүртсэнээр 22 нас, 1 сартайдаа анх удаа Дээд зиндаанд түрүүлж байсан Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ардаа үлдээлээ.

Ингэснээр тэр мэргэжлийн сүмогийн сүүлийн жилүүдийн хамгийн залуу макүүчи аваргуудын нэг болж, японоос гаднын бөхчүүдийн шинэ үеийг бэлгэдсэн түүхэн түрүү авлаа.

Хоошёорюү, Котозакүра нарыг дараалан ялж түрүүгээ батлав

Ажигава дэвжээний Аонишики тэмцээний сүүлийн хоёр өдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, озеки Котозакүра нарыг дараалан ялж, нийт дүнгээрээ 12 даваа, 3 унаатай боллоо.

Нөгөө талд ёкозүна Оносато гэмтлийн улмаас сүүлийн өдөр дэвжээнд гараагүй тул Хоошёорюү барилдаангүйгээр даваа авснаар мөн 12 даваа, 3 унаатай үзүүлэлттэй болж түрүүчлэн ялагчийг тодруулах нэмэлт барилдаан зайлшгүй болсон юм.

Нэмэлт барилдаанд аваргыг унагаж, анхны түрүүгээ авчирлаа

Түрүүг шийдэх нэмэлт барилдаанд Аонишики ёкозүна Хоошёорюүг давж, Дээд зиндаанд анх удаа түрүүллээ. Украины залуу сүмоч ийнхүү Эзэн хааны цомыг хуримтлуулахын зэрэгцээ сүүлийн өдрүүдэд дараалан аваргуудаа дийлж, башёгийн хамгийн хүчтэй нэр хүндтэй ялалтуудыг нэг дор бөөгнүүлсэн юм.

Аонишикийн энэ түрүү нь:

  • Ажигава дэвжээний түүхэнд Эзэн хааны цом хүртсэн анхны бөх
  • Эзэн хааны цомыг хүртсэн гадаад улсын төлөөлөгчдийн тоог зургаа дахь орноор (АНУ, Монгол, Болгар, Эстони, Гүржийн дараа) нэмэгдүүлсэн онцлогтой байлаа.

Хоёр тусгай шагнал, озеки цолны босго руу

Эзэн хааны цомтой хамт Аонишики хоёр тусгай шагнал хүртэв. Макүүчи зиндаанд дэвшсэнээс хойш дараалсан дөрвөн тэмцээнд 11:4 гэсэн нэг ижил амжилт үзүүлж байгаад энэ удаагийн башёд түрүүлсэн нь озеки цол авах гол нөхцөлүүдийг биелүүлж эхэлж буйг харуулж байна.

Ингэснээр:

  • Шинэ оны эхний тэмцээнд озеки цолны төлөө яригдах боломж нь маш өндөр болов
  • Хэрэв озеки болж чадвал мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 257 дахь озеки болох юм.

Европын сүмочдын амжилтын залгамж, шинэ үеийн дүр

Эзэн хааны цомыг өмнө нь АНУ, Монгол, Болгар, Эстони, Гүржийн бөхчүүд хүртэж байсан бол Аонишики энэ жагсаалтад Украин улсыг нэмж байна.

Европын бөхчүүдээс:

  • 2018 оны нэгдүгээр сард Гүржийн Тошиношин Леван Горгодзе
  • 2012 оны нэгдүгээр сард Эстонийн Баруто Кайдо Хөөвельсон
  • 2008 оны тавдугаар сард Болгарын Котошюү Калоян Стефанов Махлянов

тус тус түрүүлж байсныг сүмо сонирхогчид сайн мэднэ. Аонишики эдгээр бөхчүүдийн залгамж халаа болж, буурал тивийн шинэ аварга болон тодорлоо.

2023 оноос эхэлсэн гялалзсан өсөлт

Аонишики мэргэжлийн сүмод ердөө 2023 оны есдүгээр сараас барилдаж эхэлсэн. Тэрбээр:

  • 9 тэмцээний дараа, 2025 оны гуравдугаар сараас цолтой бөх (секитори) болсон нь өөрөө рекорд
  • Үүнээс ердөө гурван башёны дараа секивакэ цолонд хүрч, одоо Дээд зиндааны аварга болж байна.

Ийм хурдацтай өсөлт нь сүүлийн жилүүдийн мэргэжлийн сүмод тун ховор тохиолдол юм.

Монгол бөхчүүдийн амжилт: Киришима, Асахакүрюү нарын дэвшил

Монголын бөхчүүд ч энэ башёд анхаарал татсан амжилтууд үзүүллээ.

  • Маэгашира зүүний №2-д барилдсан Киришима Б.Лхагвасүрэн 11:4 үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүлж, цол ахих нь тодорхой болов. Тэрбээр дайчин барилдааны тусгай шагнал хүртэж, мэргэжлийн сүмод авч буй долоо дахь тусгай шагналынхаа эзэн боллоо.
  • Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох жүрё зиндаанд 10:5 амжилт үзүүлж, ирэх тэмцээнд Дээд зиндаанд дэвших болзлоо хангажээ.

Ийнхүү арваннэгдүгээр сарын тэмцээн залуу украин секивакэ Аонишикийн түүхэн түрүүгээр төдийгүй Монгол, Европын бөхчүүдийн шинэ үеийнхний гялалзсан амжилтаар сүмогийн түүхэнд тод тэмдэглэгдэн үлдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here