2023 оны эхэнд Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ) Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу нийт ажилтнуудынхаа цалинг жил бүр 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилтыг зарлаж, энэхүү “Зөгийн үүр” хөтөлбөрийг 4 жилийн турш хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ. Инфляци өндөр хэвээр, төгрөгийн ханш суларсан, иргэдийн амьжиргаа доройтсон энэ үед цалин нэмэгдүүлэх нь өрхийн амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам болж байна.
Ийнхүү ХХБ нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд тавьж, олон улсын чиг хандлагыг даган хүнийг төвдөө тавьсан хүний нөөцийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд мэргэжилтнүүдийн дундаж цалин 1,000 ам.долларт хүрчээ. Цалингаа дөрөвхөн жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх боломж олгож буй нь ХХБ-ны ТУЗ-ийн ажилтнууддаа үзүүлж буй бодит дэмжлэг юм.

Худалдаа Хөгжлийн Банк өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд цалинг жил бүр 10-30 хувиар тогтмол өсгөж, банкны салбарын хамгийн өндөр цалинтай байгууллага болох зорилтоо биелүүлсэн. Залуусыг олон улсын цалинтай ойролцоо орлоготой болгох нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах итгэл, урам зориг өгөх чухал хүчин зүйл болж байгаа нь улс орны хөгжилд ч хувь нэмэр үзүүлж байна.
2020 онд ХХБ 30 жилийн ойн босгон дээрээ шинэ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж, харилцагч төвтэй, олон улсын болон платформ банк болох урт хугацааны стратегийг баталсан. Үүний хүрээнд олон улсын туршлагатай удирдлагуудыг менежментийн багтаа нэгтгэж, дотоодын хүний нөөцөө чадавхжуулан, дэлхийн шилдэг туршлагаас суралцаж байна.
Түүнчлэн ХХБ улирал бүр шилдэг 30-40 ажилтнаа шалгаруулж, гадаад улсаар аялах эрхээр урамшуулдаг уламжлал тогтоосон. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 350 орчим ажилтан Вьетнам, Турк, Дубай, Тайланд, Солонгос зэрэг улсад аялсан бөгөөд энэ нь нийт ажилтнуудын 15 хувийг эзэлж байна. Цаашид энэ тоог улам нэмэгдүүлж, олон ажилтнаа дэлхийн улс орнуудын соёлтой танилцах, бизнес, амралтын аялалд оролцуулах зорилготой байна.
Түүнчлэн 2025 оны 1-р улирлын шилдэг 30 ажилтан удахгүй шагналын аялалдаа гарахад бэлэн болжээ.
Мэргэжилтнүүд цалингаа нэмээд байгаа нь сайхан хэрэг
Мэргэжилтнүүдийг дэмжих нь улс орны ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм