ЗГ: ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээрийг УИХ-д өргөнө
Засгийн газар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх эрх зүйн шинэ боломж бүрдэх юм.
367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ
Төсөлд тусгаснаар, Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад экспортлох 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр:
- Аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх,
- Хөдөө аж ахуйн салбарт шинэ зах зээл нээх,
- Дотоодын үйлдвэрлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлэх,
- Олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд түлхэц болох хэтийн тооцоог Засгийн газар гаргаж байна.
Мөн уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхийн хэрээр нэг улсаас хамаарах экспорт, худалдааны төвлөрөл суларч, эдийн засаг төрөлжсөн бүтцэд ойртож, урт хугацаанд тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.
Зөвхөн барааны худалдаанд хамаарах, 3 жилийн хугацаатай хэлэлцээр
Энэхүү түр хэлэлцээр нь:
- Хөрөнгө оруулалт,
- Үйлчилгээний худалдаа,
- Банк, санхүү,
- Төлбөр тооцоо
зэрэг салбарыг хамрахгүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд хэрэгжихээр тохиролцсон байна.
Хэлэлцээрийг анхдагч байдлаар гурван жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд талуудын харилцан тохиролцсоноор уг хугацааг сунгах боломжтой гэж Засгийн газраас мэдээлжээ.





