Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж эхэлжээ. Одоогоор төсвийн төсөл НИТХ-ын салбар хороодоор хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ удаа 2026 онд нийслэлийн төсвийн зарлагыг хэрхэн тооцсон, ямар чиглэлд ямар хэмжээний хөрөнгө зарцуулахаар тусгасныг танилцуулж байна.
2026 оны нийслэлийн төсвийн зарлагын ерөнхий бүтэц
2026 оны нийслэлийн төсвийн төслийн дагуу нийт зарлагыг хэд хэдэн үндсэн чиглэлд хуваан тооцсон байна. Урсгал зардал нийт зарлагын 35.1 хувь буюу 1,514.2 тэрбум төгрөгийг эзлэх бол хөрөнгө оруулалтын буюу хөрөнгийн зардал 46.7 хувьтай, мөнгөн дүнгээр 2,010.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгджээ.
Дамжуулан зээлийн эргэн төлөлтөд төсвийн 2.3 хувь буюу 100.3 тэрбум төгрөгийг, өмнөх жилүүдийн үнэт цаасны эргэн төлөлтөд 9.5 хувьтай тэнцэх 408.4 тэрбум төгрөгийг тусгажээ. Мөн нийслэлийн гурван дүүргийг санхүүгийн хувьд дэмжихэд 0.3 хувь буюу 13.0 тэрбум төгрөг, улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, татвар, шилжүүлэгт 6.1 хувь буюу 263.7 тэрбум төгрөгийг тусган төлөвлөсөн байна.
1. Урсгал зардал: Нийтийн тээвэр, ахмадын унааны тэтгэмж, сайжруулсан түлш
Нийслэлийн 2026 оны урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн, үр ашиг, ил тод байдал, хэмнэлтийг гол зорилт болгож боловсруулсан гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тайлбарлав. Түүнчлэн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах чиглэлийн дагуу урсгал зардлаа төлөвлөсөн байна.
Урсгал зардлын төсөлд нийслэл болон дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа төсөвт байгууллагуудын байр, барилга байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардалд 132.2 тэрбум төгрөгийг тооцжээ. Үүнд дулаан, цахилгаан, усан хангамж, хог хаягдлын менежмент зэрэг өдөр тутмын суурь зардлууд орно.
Холбогдох хуулийн дагуу нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй зорилтот бүлгийн иргэдийн нөхөн олговрын зардлыг 40.4 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Энэ дотор 191.7 мянган ахмад настан, 37.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 8 мянга орчим цагдаагийн алба хаагчийн нийтийн тээврийн зардлыг нөхөн олгохоор тусгажээ.
Нийтийн тээврийн салбарт хамгийн их анхаарал татаж буй зүйл нь үйлчилгээний машин цагийн зардлын зөрүүтэй холбоотой санхүүжилт юм. 2026 онд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй алдагдлыг нөхөх, машин цагийн бодит өртөг, тарифын зөрүүг санхүүжүүлэхэд нийт 332.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон нь урсгал зардлын нэг том хэсэг болж байна.
Үүнээс гадна сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээг үргэлжлүүлэхэд 4.9 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэж үзсэн байна.
Хот, нийтийн аж ахуй, тохижилтын чиглэлд нийслэл болон дүүргийн түвшинд нийт 344 тэрбум төгрөгийн зардал тусгагджээ. Үүнд зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт багтах бөгөөд Авто замын тухай хуулийн дагуу 9.9 тэрбум төгрөгийн тогтоосон хэсгийг Нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 70 тэрбум төгрөг зарцуулах бол сайжруулсан шахмал түлшний тээвэр, борлуулалт, хадгалалт, хяналт шалгалттай холбоотой зардалд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд 52.2 тэрбум төгрөгийг тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээнд 44.5 тэрбум төгрөгийг зориулж, Нийслэлийн хүн амын хаврын махны нөөцийг бүрдүүлэхэд ч анхаарсан байна. Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолын дагуу 2026 оны хаврын улирлын махны нөөцийг арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэхтэй холбоотой зээлийн хүүгийн хөнгөлөлтөнд 8.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нийгмийн халамжийн чиглэлээр онцгой тохиолдолд олгох болон амьжиргааг дэмжих тэтгэмжийн хүрээнд 636 иргэнд 0.8 тэрбум төгрөг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг 5.4 мянган иргэнд хүргэхэд 2.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусган, нийгмийн халамжид нийт 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эргэлтийг хангах зорилгоор НИТХ-ын 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу өмнөх жилүүдэд нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулсан хөрөнгийн 34.0 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг тус санд төвлөрүүлж, зөвхөн зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөжээ.
Ингэж дээрх урсгал зардлуудыг тооцон тусгаснаар нийслэл, дүүргүүдийн төсөвт 2026 онд нийт 1,514.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хуваарилагдах аж. Үүний 990.6 тэрбум төгрөг буюу 65.4 хувийг нийслэлийн шууд урсгал зардал, 523.5 тэрбум төгрөг буюу 34.6 хувийг есөн дүүргийн урсгал зардал эзэлж байна.
Дүүргүүдийн төсвийн суурь зарлагыг Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль болон төрийн бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн 2025 оны түвшнээс 6 тэрбум төгрөгөөр өсгөж, 523.5 тэрбум төгрөг болгохоор тусгасан байна.
Энэ суурь зарлагад орон нутгийн өмчит 201 сургууль, 345 цэцэрлэг, есөн дүүргийн спорт хороод, 17 эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалтын тогтмол зардлыг багтаасан бөгөөд нийтдээ 98.1 тэрбум төгрөгийг дүүрэг бүрээр хуваарилж үзүүлсэн байна. 2025 онтой харьцуулахад сургууль, цэцэрлэг, спорт байгууллага, эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалтын зардал 4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүнд 45 ерөнхий боловсролын сургууль, 47 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын шинэ барилгууд ашиглалтад орох нь шууд нөлөөлж байгаа аж.
2. Хөрөнгийн зардал: Туулын хурдны зам, метро, дэд бүтэц
Нийслэлийн хөрөнгийн зардлыг 2026 онд нийслэлийн дунд болон урт хугацааны бодлого, “Улаанбаатар 20 минутын хот” үзэл баримтлалтай уялдуулан төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, бусад бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх, өмнөх жилүүдэд эхлүүлсэн төслүүдийг хугацаанд нь дуусгах, иргэдийн амьдрах орчны чанар, хүртээмжийг сайжруулахад голчлон чиглэжээ.
Туулын хурдны авто зам, их багтаамжийн нийтийн тээврийн “Метро” төслүүд, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажилд газрын чөлөөлөлтийн зардлыг нь багтаан санхүүжилт тусгасан байна. Үүнээс гадна хотын инженерийн дэд бүтэц, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж зэрэг нийт 154 төсөл, арга хэмжээг 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөрөнгийн зардалд 2026 онд нийтдээ 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулахаар төлөвлөсөн ба үүнээс 98 шинэ төсөл, арга хэмжээнд 684.7 тэрбум төгрөг, өмнөх оноос шилжиж буй 56 төсөл, арга хэмжээг дуусгахад 1.2 их наяд төгрөгийг тус тус зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан байна.
2.1. Авто зам, замын байгууламж: шинэ зам, засвар, Туулын хурдны зам
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод авто зам барих, засвар шинэчлэл хийх ажлууд эрчимтэй өрнөсөн. 2024 онд гэхэд 37 байршилд нийт 30.8 км урт гол болон туслах гудамж зам шинээр барьж, 53 байршилд 74.9 км замыг засвар, шинэчлэл хийсэн байна. Мөн 5 байршилд явган хүний замыг шинэчилж, 117 мянга гаруй м² замын нөхөөс, 1,333.3 у/м заадас, 193.55 у/м борооны ус зайлуулах ажлыг гүйцэтгэсэн.
2025 онд энэ ажлыг үргэлжлүүлж 66 байршилд 86.5 км авто зам шинээр тавьж, 87 байршилд 262 км замыг засварлаж, 13 байршилд 94.3 мянган м² явган хүний замыг шинэчилжээ.
2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 байршилд 50.4 км урт авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км замыг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц барьж, 31 км урт замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгдөж байна.
Зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд хотын гол болон туслах гудамжуудын арчлалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглолын засвар, авто замын тэмдэглэгээ сэргээх, нийтийн тээврийн тусгай эгнээний өнгөт хучилт хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчны хөдөлгөөний аюулгүй байдалд онцгойлон анхаарахаар төлөвлөжээ. Мөн борооны ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлыг хамтад нь санхүүжүүлэх бөгөөд нийтдээ 166.7 тэрбум төгрөгийг уг ажилд зарцуулахаар тооцсон байна.
Туулын хурдны замын төсөл нь Улаанбаатарын авто замын төслүүдийн дундаас онцгой байр суурь эзэлж байна. Нийт 32 км урттай энэхүү замын барилгын ажилд зориулсан гэрээг 2025 онд байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам, гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр байна.
Туулын хурдны зам нь Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 гүүр, 7 туннел барихаар зураг төслийг боловсруулсан байна. Яармагийн гүүрний баруун хэсэгт орох, гарах хэсгийг төв замтай холбох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлэх төлөвтэй. ТЭЦ-4, Наадамчны гүүр, I тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбор бүсэд холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах хөдөлгөөнийг зохицуулж, төвийн бүсийн түгжрэлийг бууруулах гол тэнхлэг болохоор тооцогдож байна.
Мөн 2026–2028 онд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор явган болон дугуйн хөдөлгөөнийг дэмжих, иргэдийг нийтийн болон хувийн машинаас бага хамааралтай болгох зорилтот арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нийтдээ 256 км урт дугуйн болон явган зам шинээр барих төлөвлөгөөний хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулагдаж байгаа бөгөөд үүнээс 2026 онд 77 км, 2027 онд 92 км, 2028 онд 75 км замыг үе шаттайгаар барина. Эдгээр замууд нь хотын төвийн зургаан дүүргийн авто замын хамгийн их ачаалалтай бүсэд байршиж, түгжрэлийг сааруулах, иргэдийн эрүүл, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой.
2.2. Хот байгуулалт, дэд бүтэц, шинэ дэд төвүүд
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийн нийт санхүүжилт 477.7 тэрбум төгрөг бөгөөд өмнөх оноос шилжиж буй 17 төсөл, арга хэмжээнд 100.3 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 377.5 тэрбум төгрөг ногдож байна.
Зүүн хойд бүсийн 6000 м³ багтаамжтай усан санг 30000 м³ болгон өргөтгөх ажил үргэлжилж, Сэлбэ, Дамбадаржаагийн орчимд шинэ 110 кВ-ын цахилгаан дэд станц барих төсөл мөн цаашид үргэлжлэхээр тусгагджээ.
Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын “ганц худаг” орчмын үерийн хамгаалалтын сувгийн төсөл нийт 14 салаа, 36 км урт суваг бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Эхний ээлжинд 1.5 км урт гол сувгийн төмөр бетон хийцтэй, трапец огтлолтой байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, нийт 7.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ ажлын 3.9 тэрбумыг 2026 онд санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Баянзүрх дүүргийн 19, 22, 32 дугаар хороодод шинээр орон сууцны хороолол олноор баригдаж байгаа боловч бохир усны ф150–200 мм-ийн шугамууд дүүргэлттэй, дараагийн хэрэглэгчийг холбох боломжгүй болсон тул Цайз коллекторыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцны барилгуудын бохир усыг төвийн шугамд холбох ажлыг хийхэд 4.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд 26 байршилд нийтдээ 2308 айл өрхийг цахилгаан эрчим хүчний системд шинээр холбож, 7000 орчим айл өрхийн хүчдэлийн уналтыг сайжруулахад 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 34 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Налайх дүүргийн 1, 5 дугаар хороодын олон айл өрх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох юм.
Ус тогтоц ихтэй 50 цэгийн судалгааг гаргаж, 2024 онд 24 байршлын зураг төслийг боловсруулсан байна. Үүнээс 2024–2025 онд 11 байршилд 6.4 км урт авто зам, талбайн борооны ус зайлуулах шугамын ажлыг хийсэн бол 2026 онд 12 байршилд 15.1 км урт ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.
Хотын төвлөрлийг сааруулах, дагуул болон хаяа хот, тосгодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хүннү хотын дэд бүтцийн ажлын санхүүжилтэд 20.8 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд 7.7 тэрбум төгрөг, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 2.1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажилд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын төсөлд 2024–2025 онд газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн бөгөөд 2026 онд барилгын ажлыг үргэлжлүүлэн санал болгож, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийг өргөтгөх, түймэрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлыг ч мөн хэрэгжүүлэхээр тусгажээ.
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд нийслэлийн хариуцах хөрөнгийг мөн төсөвлөсөн байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрт 59.4 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан нь гэр хорооллын дэд бүтэц, орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна.





