-19.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

“Zootopia 2” хүүхэлдэйн кино бокс-оффисыг “тэсрэлтээр” нээж, түүхэн дээд амжилт тогтоолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хойд Америкийн бокс-оффист тэсрэлттэй эхлэл

Америкийн “Walt Disney” студийн бүтээл, амьтдаар дүүрэн метрополисын түүхийг өгүүлдэг алдарт “Zootopia” хүүхэлдэйн киноны үргэлжлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд бокс-оффисыг бүрэн “атгалаа”.

“Zootopia 2” нь Хойд Америкийн зах зээлд амралтын өдрүүдэд 96 сая ам.долларын ашиг олж, Талархлын баярын урт амралтын хугацаанд нийт 156 сая ам.долларын орлого бүртгүүлжээ. Ингэснээр лхагва гарагт нээлтээ хийснээсээ хойш ням гаригийн байдлаар дэлхий даяарх нийт орлого нь 556 сая ам.долларт хүрсэн байна.

Хүүхэлдэйн киноны түүхэн дээд нээлт

Ингэж богино хугацаанд өндөр орлого цуглуулснаар “Zootopia 2” нь хүүхэлдэйн кинонуудын түүхэнд хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээл болж шинэ рекорд тогтоолоо. Үүгээр зогсохгүй дэлхийн хэмжээнд бүх төрлийн киног хамруулсан нээлтийн орлогын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлттэй байгаа бөгөөд 2025 оны олон улсын хэмжээнд хамгийн том нээлт болсон киногоор нэрлэгдэж байна.

“Wicked: For Good” болон бусад өрсөлдөгчид

Түүнтэй зэрэгцэн “Wicked: For Good” уран сайхны кино ч амралтын өдрүүдийг ашиглан бокс-оффист хүчтэй байр суурь эзлэж байна. Тус кино АНУ дотоодын зах зээлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 62.8 сая ам.долларын орлого хийснээр Хойд Америк дахь нийт борлуулалт нь 270.4 сая ам.долларт хүрчээ.

“Wicked” цувралын хоёрдугаар анги олон улсын зах зээл дээр мөн өндөр амжилт үзүүлж, нийт 393 сая ам.долларын орлого олсон байна. Ийнхүү хоёр кино нийлж, удаан хугацаанд сул байсан бокс-оффисын уур амьсгалыг богино хугацаанд эрс өөрчилж чаджээ.

Талархлын баяр кинотеатруудад “аврал” болов

Хойд Америкийн кинотеатрууд 2025 он даяар харьцангуй сул үзүүлэлттэй явж ирсэн ч Талархлын баярын амралтын өдрүүдэд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн талаар салбарын шинжээчид дүгнэж байна.

Таван өдрийн урт амралтын хугацаанд нийт бокс-оффисын орлого 290 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүний 188 сая ам.доллар нь зөвхөн баасан гаргаас ням гаргийн хооронд бүрдсэн байна. Энэ өсөлтөд “Zootopia 2” болон “Wicked: For Good” голлох нөлөө үзүүлжээ.

Жилийн төгсгөлд “Avatar: Fire and Ash”, “Five Nights at Freddy’s 2” зэрэг хүлээлттэй бүтээлүүд нээлтээ хийхээр байгаа нь 2025 оны кинотеатрын нийт орлого цаашид ч өсөх боломжтойг харуулж байна. “Comscore” компанийн шинжээч Пол Дергарабедиан энэ талаар:

“Энэ бол гайхалтай үр дүн бөгөөд он дуусахад дөрөвхөн долоо хоног үлдээд буй энэ үед кинотеатруудын орлогод томоохон түлхэц болж байна”

хэмээн онцолжээ.

10 жилийн дараах үргэлжлэл хүлээлтээс давсан амжилт үзүүлэв

Анхны “Zootopia” хүүхэлдэйн кино 2016 оны гуравдугаар сард дэлгэцнээ гарч, нээлтийн долоо хоногтоо 75 сая ам.долларын орлого олж байв. Үүнээс даруй 10 орчим жилийн дараа гарч буй үргэлжлэл ийнхүү эхний ангиасаа орлогоороо эрс давсан нь тус франчайзын үнэ цэнэ, үзэгчдийн хүлээлт ямар өндөр байсныг баталж байна.

Шинэ ангид анхныхтай нэгэн адил туулай мөрдөгч Жуди Хоппс, овжин луйварчин үнэг Ник Уайлд нар амьтдын хотын шинэ адал явдлын гол дүрээр эргэн ирж, хуучин ба шинэ үзэгчдийг зэрэг татаж чаджээ.

Хятадын зах зээл: “Zootopia 2”-ын жинхэнэ “алтны уурхай”

Хэдийгээр “Zootopia 2” Хойд Америкт 2025 оны дөрөв дэх том нээлтийг хийсэн ч тус киноны хамгийн том зах зээл Хятад улс болж байна. Дэлхийн нийт орлогынх нь бараг тэн хагасыг бүрдүүлж, Хятадын тасалбарын борлуулалт 272 сая ам.долларт хүрчээ. Америкт бүтээгдсэн ямар ч хүүхэлдэйн кино нээлтийн үед ийм хэмжээний орлого Хятадын зах зээлээс авч байгаагүй гэдгийг шинжээчид онцолж байна.

Бокс-оффисын жагсаалтад “Zootopia 2” болон “Wicked: For Good”-ын ард бусад кино ч өөрийн байр суурийг хадгалж байна. Гуравдугаарт “Now You See Me: Now You Don’t” кино 7 сая ам.долларын орлогоор жагссан бол “Predator: Badlands” 4.8 сая, “The Running Man” 3.7 сая ам.долларын орлоготойгоор эхний тавд бичигджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу