“Pro” театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог романтизмын тод төлөөлөгч, Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол, хөгжмийн суут П.И.Чайковскийн бүтээсэн хөгжим дээр суурилсан “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг тайзнаа дахин амилуулах бэлтгэлээ базааж байна.
“Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд зориулсан үнэгүй тоглолт, бэлэгтэй уулзалт
Энэ удаа тус жүжгийг зөвхөн ердийн үзвэрийн хуваариар тоглоод зогсохгүй, продюсер Б.Амарравдангийн санаачилгаар “Ид шидийн орон” төслийн 100 гаруй хүүхэд, бяцхан үзэгчдэд үнэ төлбөргүйгээр толилуулахаар болжээ.
Тоглолтын үеэр тэдгээр хүүхдүүд жүжгийг үзэхээс гадна театрын хамт олноос гарын бяцхан бэлэг хүлээн авах бөгөөд ингэснээр сонгодог уран бүтээлийг хүүхдийн сэтгэлд дотно, дурсамжтай мөчтэй хослуулахыг зорьж байна.
Олон улсын “Гэгээн муза”-гийн гранпри хүртсэн бүтээл
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг нь аль хэдийн театрын мэргэжлийн хүрээнд өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байдаг.
Энэхүү бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч гэсэн номинацуудад шалгарч, мөн тэдгээрээсээ даван “шилдгийн шилдэг” гранпри шагналыг хүртсэн нь уран бүтээлийн чанар, хэмжээг баталж өгчээ.
Жүжгийн үе, газар, тасалбарын мэдээлэл
“Pro” театрынхны энэхүү уран бүтээлийг арванхоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 17:00 цагаас, 6, 7-ны өдрүүдэд 12:00 цагаас нийт дөрвөн удаа тоглох хуваарь гарсан байна. Жүжиг нь РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа тавигдах юм.
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээр онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99648092, 99999072 утсаар холбогдох боломжтой.





