Сонсогдоогүй дуулиан: Прокурорын баг экс-Тэргүүн хатагтайд ямар шийтгэл оноохыг шаардав?
Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосыг шуугиулсан үйл явдал боллоо. Прокурорын баг тус улсын экс-тэргүүн хатагтай Ким Кон Хид хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн хэрэг болон хээл хахуулийн хэргээр нийт 15 жилийн хорих ял, мөн хоёр тэрбум воны ($1.36 сая орчим) торгууль ногдуулах хүсэлтийг шүүхэд албан ёсоор танилцуулсан байна.
Түүнийг яллагдагчаар татсанаас хойш бараг гурван сарын дараа, мөн түүний нөхөр, экс-ерөнхийлөгч Юн Сүк Ёл тус улсад цэргийн дэглэм зарласнаас хойш яг нэг жилийн дараа ийм хатуу шийдвэр гарах нь тодорхой болов.
Юн Сүк Ёлын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд, түүний гэргий Ким Кон Хи улс төрийн томоохон дуулиан, маргааны гол бай болж байсан юм.
Ял тулгасан ноцтой хэргүүд
Энэ оны долдугаар сард прокурорын тусгай ажлын хэсэг хуучин тэргүүн хатагтайг нийт 16 төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд дараа сард нь түүнийг нотлох баримтыг устгаж болзошгүй үндэслэлээр баривчлан хорьж байсан түүхтэй.
Түүнд тулгасан хэргүүдээс хамгийн их анхаарал татсан, ноцтой нь:
1. Хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн (манипуляци хийсэн) хэрэг:
- 2009-2012 оны хооронд нэг хэсэг этгээдүүд BMW компанийн Өмнөд Солонгос дахь дистрибьютор болох Deutsch Motors компанийн хувьцааны ханшийг өсгөх зорилгоор 91 хүний нэр дээр бүртгэлтэй 157 дансыг ашиглан хууль бус арилжаа хийсэн нь тогтоогдсон.
- Уг хэрэгт холбогдогсдод шүүхээс ял оноосныг Өмнөд Солонгосын дээд шүүх дөрөвдүгээр сард хэвээр үлдээсэн.
- Мөрдөн байцаалтын явцад Ким Кон Хи энэхүү хуйвалдаанд оролцсон болох нь батлагдсан.
2. Улс төрийн санхүүжилтийн хууль зөрчсөн үйлдэл:
- Ким Кон Хи нь 2021-2022 онд нөхрийнхөө хамтаар улс төр судлаач Мюн Тэ Кюнгээс 270 сая вон ($183,000 орчим) үнэтэй 58 ширхэг санал асуулгын үр дүнг төлбөргүй авсан нь Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
3. Хээл хахууль:
- Тэргүүн хатагтай асан 2022 онд зуучлагчаар дамжуулан тансаг брэндийн гар цүнх, үнэт чулуун эдлэл зэрэг бэлгийг авсан нь тогтоогдсон. Энэ нь Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын төслийг дэмжсэний хариуд авсан хээл хахууль гэж тооцогдсон байна.
Прокурорын дүгнэлт: “Хуулиас дээгүүр хүн мэт аашилсан”
Прокурорын баг шүүхэд танилцуулсан яллах дүгнэлтдээ, хуучин тэргүүн хатагтайн үйлдэлд тун хатуу үнэлэлт өгсөн байна.
“Үндсэн хуулийн дагуу хэн ч хуулийн дээр, хуулиас гадуур оршин тогтнох боломжгүй. Гэсэн хэдий ч шүүгдэгч нь ганцаараа хуулиас дээгүүр хүн мэт аашилсан. Бусад бүх хамсаатнууд шүүхийн өмнө зогсож байхад шүүгдэгч ганцаараа хариуцлага хүлээхээс зайлсхийсэн нь манай улсын шүүхийн тогтолцоог хүчгүйдүүлсэн хэрэг байлаа”
Тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн анхан шатны шүүх хурлын эцсийн шийдвэр нэгдүгээр сарын 28-нд олон нийтэд зарлагдах товтой байна.





