-14.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Австралид 15 хүний амийг авч одсон халдлагын цаана аав хүү хоёр байжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бонди Бичид болсон халдлага 15 хүний аминд хүрэв

Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын бүсэд зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 10-аас 87 насны 15 хүн амиа алдсан байна. Мөн 40 орчим хүн шархадан эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ.

Эрх баригчид антисемитист шинжтэй террор байж болзошгүй гэж үзэж байна

Жүүдүүдийн уламжлалт Ханука баярын эхлэлтэй давхацсан энэ явдлыг эрх баригчид урьдчилсан байдлаар антисемитист үзлээс улбаатай террорист халдлага байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Халдлага үйлдсэн хүмүүс аав, хүү хоёр болохыг цагдаа нар тогтоожээ.

Сэжигтнүүдийн нэг нь газар дээрээ алагдаж, нөгөө нь хүнд байна

Цагдаагийн мэдээллээр халдлагад холбоотой 50 настай эрэгтэй хэргийн газарт алагдсан бол 24 настай эрэгтэй хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтэж байгаа аж. Нью Соут Уэльс мужийн цагдаагийн байгууллага халдлагын нарийвчилсан шалтгаан, мөн сэжигтнүүд ямар нэг террорист байгууллагатай холбоотой байсан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдын байр суурь ба Австралийн сүүлийн 30 жилийн “хамгийн том” тохиолдол

Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз үүнийг жүүд иргэдийг санаатай онилсон “бузар муухай үйлдэл” гэж мэдэгджээ. Мөн энэ хэрэг нь тус улсын хувьд сүүлийн 30 орчим жилийн хугацаанд тохиогоогүй томоохон зэвсэгт халдлагад тооцогдож байна. Үүнээс өмнөх хамгийн их хохиролтой тохиолдол нь 1996 онд Тасмани арлын Порт Артурт гарч, 35 хүний амь эрсэдсэн зэвсэгт халдлага байсан гэж мэдээлэлд дурджээ.

Тухайн явдлаас хойш Австрали улс галт зэвсгийн хяналтаа чангатгасан нь олон улсад жишиг болсон гэж үнэлэгддэг. Харин сүүлийн халдлагыг үйлдсэн 50 настай эрэгтэй галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байсан нь тогтоогдсон байна.

Дэлхийн хотуудад эмгэнэл илэрхийлж, Нетаньяху Австралийн засгийн газрыг буруутгав

Халдлагын дараа Лондон, Парис, Берлин зэрэг олон хотод амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд болж, дэлхийн олон орны удирдагчид антисемитизмийг буруушаасан байр сууриа илэрхийлсээр байгаа талаар мэдээлжээ.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху антисемитист үзлийн эсрэг дорвитой алхам хийгээгүй гэж үзэн Австралийн засгийн газрыг энэ халдлагад буруутгасан байна. Тэрээр наймдугаар сард энэ асуудлаар ерөнхий сайд Энтони Албанизад анхааруулга бүхий захиа илгээж байснаа мөн дурджээ. Нетаньяхугийн тайлбараар Австралийн эрх баригчид Палестины улсыг хүлээн зөвшөөрснөөр жүүдүүдийн эсрэг хандлагыг өдөөж, ийм үзэлтэй хүмүүсийг зоригжуулж болзошгүйг тэр захидалдаа сануулсан гэжээ.

“Танай засгийн газар Австралид жүүдийн эсрэг үзлийн тархалтыг зогсоох тал дээр юу ч хийгээгүй. Та улс орондоо ургаж байсан хорт хавдрын эсийг зогсоохын тулд юу ч хийгээгүй. Та ямар ч арга хэмжээ аваагүй. Та өвчний тархалтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний үр дүнд өнөөдрийн аймшигт халдлага гарч байна” гэж Нетаньяху мэдэгджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here