Төлөвлөгөө эцэслэгдэх шатанд, АНУ танилцуулах хувилбар яригдав
Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг зогсоох энхийн төлөвлөгөө эцэслэн боловсруулах шатандаа орсон бөгөөд үүний дараа АНУ-ын төлөөлөгчид Москвагийн эрх баригчдад танилцуулах төлөвтэй байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр сэтгүүлчдэд хэлжээ.
Берлиний уулзалтын дараах дүгнэлт ба хэлэлцээний сул тал
Германы нийслэл Берлин хотод хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид Орос, Украины хоорондын асуудлуудын 90 хувийг шийдсэн гэж мэдэгдээд байгаа. Гэвч уг төлөвлөгөөг хэлэлцэх явцад Оросын тал оролцоогүй тул бодитой хэрэгжиж, дайныг зогсоож чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Орос татгалзвал зэвсэг, хориг нэмэх хүсэлт “шударга” гэж Зеленский үзэв
Хэрвээ Оросын тал төлөвлөгөөг хүлээж авахгүй бол АНУ-аас Украинд илүү их зэвсэг нийлүүлэх, мөн Москвагийн эрх баригчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг хүсэх нь “шударга байх болно” гэж Зеленский мэдэгджээ. Мөн Украинд санал болгож буй аюулгүй байдлын баталгааг хууль ёсны болгохын тулд ойрын үед АНУ-ын Конгресс “санал хураалт зохион байгуулна” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Аюулгүй байдлын баталгаа, Донбасс дээр төвлөрсөн гол маргаан
Зеленскийн мэдээлснээр санал болгож буй аюулгүй байдлын баталгаа нь НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлтэй ижил агуулгатай байх ёстой. Гэхдээ энхийн төлөвлөгөөний хамгийн гол хүндрэл одоо Донбассын бүс нутгийн хяналтын асуудал болж байгааг тэр хүлээн зөвшөөрчээ.
Оросын тал Донбассын бүс нутгийг эзэлж чадаагүй байгаа хэсгийг нь хүртэл хамруулан бүхэлд нь шилжүүлж өгөхийг шаардаж байгаа аж. Энэ талаар Зеленский “Тэд манай Донбассыг хүсэж байна. Харин бид Донбассаа өгөхийг хүсэхгүй байна. Америкчууд буулт хийхийг биднээс хүсэж байгаа. Тэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг санал болгож байна. Гэхдээ би дахин нэг удаа онцлон хэлмээр байна. Чөлөөт бүс гэдэг нь Оросын хяналтад байна гэсэн үг биш” гэж Зеленский хэлжээ.
Европын “хүсэл эрмэлзлийн эвсэл” ба АНУ-ын байр суурийн хүрээ
Одоогоор АНУ-ын төлөөлөгчид аюулгүй байдлын баталгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч энэ нь Украинд АНУ-ын цэрэг байрлуулах тухай асуудал биш болохыг баталж байна. Харин Их Британи, Франц, Герман болон Европын бусад найман улс “хүсэл эрмэлзлийн эвсэл” нэрийн дор Украинд энхийг сахиулах, зэвсэгт хүчнийг нь сэргээн босгох зорилгоор цэргүүдээ байрлуулж, агаарын орон зайг нь хамгаалахаа амласан байна. Гэхдээ энэ оролцоо НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлтэй дүйцэх хэмжээний хамгаалалт болно гэж тэд одоогоор амлаагүй хэвээр байна.
Кремлийн хариу: мэдээлэл ирээгүй, байр сууриа “тодорхой” гэв
Өчигдөр Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков аюулгүй байдлын баталгааны талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа сэтгүүлчдэд дуулгажээ. “Бид одоогоор хэвлэлээс сонссон төдий байгаа тул энэ тал дээр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Одоохондоо бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй байна” гэж тэр хэлсэн юм. Песков мөн “Манай байр суурь тодорхой. Америкчуудад бид тодорхой, ил тод, ойлгомжтой илэрхийлсэн. Ерөнхийдөө Украинчуудад ч бас ойлгомжтой байгаа” гэжээ.





