Олон улсын “China International Travel Mart-2025” нээлтээ хийв
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор баталсан, өөрийн брэндтэй анхны олон улсын аялал жуулчлалын “China International Travel Mart-2025” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Ази тивийн хамгийн том мэргэжлийн үзэсгэлэн Хайкоуд болж байна
2001 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн “CITM” үзэсгэлэн энэ удаа Хятадын Хайкоу хотод болж байна. 25 дахь удаагийн арга хэмжээнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайваньтай зэрэгцэн дэлхийн 100 гаруй улс, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллага, тур оператор, зочид буудал, агаарын тээврийн компани, соёлын байгууллага, музей болон соёл, аялал жуулчлалын салбарын төлөөлөл өргөнөөр чуулж буйгаараа онцлогтой.
Монгол Улс “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-аа танилцуулж байна
Тус үзэсгэлэнд Монгол Улсаас “Нью жуулчин турс”, “Алтан говь тур”, “Цагаан лавай”, “Хишиг тур” тэргүүтэй найман аж ахуйн нэгж оролцож, “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг онцлон танилцуулж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын дөрвөн улирлын аялал жуулчлалын боломж, үндэсний өв соёл, байгалийн дахин давтагдашгүй тогтцыг олон улсын зах зээлд сурталчилж байгаа юм.
“Nihao-China” уриан дор бүсчилсэн хөтөлбөр хэрэгжинэ
Энэ жилийн үзэсгэлэн “Nihao-China” уриан дор зохион байгуулагдаж, дотоодын соёл, аялал жуулчлал, технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музей, гадаад жуулчлалыг дэмжих чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ ба туршлага, олон улсын соёл, аялал жуулчлал зэрэг бүсчлэлээр үргэлжилж байна. Мөн гадаад жуулчлалын бодлогын танилцуулга, бизнес уулзалт, хэлэлцээр зэрэг мэргэжлийн арга хэмжээг зохион байгуулж, гадаад жуулчлалыг хөнгөвчлөх бодлого, шинэ бүтээгдэхүүн, маршрут, бүс нутгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын маркетингийг голлон танилцуулах ажээ.
БНХАУ-ын жуулчдын урсгал нэмэгдэж, дөрвөн улирлын брэндийг тодотгож байна
Ташрамд, өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Монгол Улсад 200 мянга гаруй жуулчин ирсэн нь бусад орны жуулчдын тоог тэргүүлж байна. Иймээс Монгол Улс олон улсын зах зээлд жилийн дөрвөн улиралд аялах боломжтой гэдгээ илүү тодотгон харуулж байгаа юм.





