Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд энэ удаа “The HU” хамтлаг оролцохоор болжээ. Хамтлагийнхан тус арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авснаар төв талбайн тайзнаа үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулж, он солигдох торгон мөчийг олон нийттэй хамт угтах юм.
Цэнгүүнийг Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтөлнө
Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ. Цэнгүүнд оролцох уран бүтээлчид төв талбайн тайзнаа тоглолтоо хүргэж, шинэ жилийн үдшийг хотын төвд цугларсан иргэдтэй хамт тэмдэглэх бэлтгэлээ хангаж байгаа талаар мэдээллээ.
12 сарын 31 хүртэл өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолттой
Шинэ жилийн гол арга хэмжээ болох “Улаанбаатарын мөнгөн шөнө”-өөс өмнө төв талбайд өдөр бүр 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж байгаа аж. Энэ нь иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа илүү сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой гэж мэдээлэв.





