Хуулийн төслийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барив
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын дарга Н.Учралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа.
Уг хэлэлцээр нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд мөрдөгдөж буй ердийн журмаас өөр горимоор тэтгэврийн эрх үүсгэх, тогтоох, олгох асуудлыг хоёр улсын хооронд тусгайлан зохицуулахаар тусгагджээ.
2023 оноос эхэлсэн хэлэлцээ 2025 оны тавдугаар сард гарын үсэгт хүрэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүнтэй дүйцэх Австрийн Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос эхлэн нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулж ирсэн.
Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн дагуу төслийн агуулгыг эцэслэн тохиролцож, хоёр тал өөр өөрийн дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны үндсэн дээр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны тавдугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна гэж салбарын сайд танилцуулсан.
Австри дотоод журмаа дуусгаж, Монгол тал соёрхон батлах шатанд орлоо
Бүгд Найрамдах Австри Улс хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын тулд хийх ёстой дотоодын бүх үйл ажиллагаагаа 2025 оны долоодугаар сарын 17-нд дууссан тухайгаа Монголын талд албан ёсоор мэдэгдэжээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан байна.
Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр, Австри Улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 нь тогтмол хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол Монгол Улсад Австри Улсын 30 иргэн оршин сууж байгаа гэсэн тоо баримт дурджээ.
Давхар шимтгэлээс чөлөөлөгдөж, хоёр улсын даатгалын хугацааг нэгтгэн тэтгэвэр авна
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр улсын нутаг дэвсгэрт ажилласан, даатгал төлсөн иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг нэгэн зэрэг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх юм.
Мөн Монгол, Австри хоёрт тус тусдаа ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч хугацаа нь хоорондоо давхацдаггүй иргэдийн даатгалын хугацааг нэгтгэн тооцох боломжтой болно. Ингэснээр:
– өндөр насны тэтгэвэр,
– хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр,
– тэжээгчээ алдсаны тэтгэвэр
авах эрхийг хоёр улсад төлсөн хугацаагаар нийлбэрээр нь бүрдүүлэх боломж нээгдэнэ.
Түүнчлэн тухайн иргэн аль аль улсын хууль тогтоомжийн дагуу төлсөн даатгалын хугацаандаа харгалзах тэтгэврийн хэсгийг тус бүрт нь тогтоолгон авах зохицуулалт багтсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





