Дэлхийн хамгийн баян хорин хүний нийлбэр хөрөнгө ойролцоогоор 3.8 их наяд ам.долларт хүрсэн нь олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан хэмжээ гэж тооцогдож байна. Үүнээс гадна 2020 оноос хойш энэ бүлгийн хөрөнгө ер бусын хурдтай нэмэгджээ. Тухайн үед дэлхийн хамгийн баян хүнээр 145 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос нэрлэгдэж байсан бол өнөөдөр Элон Маскийн хөрөнгө энэ тооноос бараг тав дахин өндөр түвшинд очсон байна.
Энэхүү инфографикт Forbes-ийн мэдээлэлд тулгуурлан 2026 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийг харуулжээ. 714.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Элон Маск түүхэнд 700 тэрбум ам.долларын босгыг давсан анхны хүн болсон гэж тэмдэглэсэн байна.
2020 оноос хойш Маскийн хөрөнгө бараг 30 дахин өссөн нь түүний хөрөнгийн бүтэцтэй шууд холбоотой гэж тайлбарлажээ. Хамгийн том эх үүсвэрүүдийн нэг нь SpaceX-ийн хувьцаа бөгөөд одоогийн үнэлгээ 800 тэрбум ам.доллар гэж үзвэл Маскийн эзэмшлийн дүн 366 тэрбум ам.долларт хүрч байна. Мөн 2026 онд олон нийтэд санал болгох (IPO) хувилбар бодит болбол түүний хөрөнгө оруулалтын үнэлгээ 1.5 их наяд ам.доллар хүртэл өсөх боломжтой гэх төсөөлөл дурдагдсан байна.
Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж 257.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр хоёрдугаарт жагсжээ. Үүнд 2025 онд Alphabet-ийн хувьцаа 63 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлж, түүний хувийн хөрөнгийг мэдэгдэхүйц тэлсэн гэж онцолжээ.
Жагсаалтын өөр нэг анхаарал татсан нэр бол Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан юм. Түүний хөрөнгө 162.5 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд наймдугаарт бичигдсэн байна. Мэдээлэлд дурдсанаар Nvidia-ийн хувьцаа сүүлийн долоон жилд 4200 гаруй хувиар өссөн нь Хуаныг хамгийн баян хорин тэрбумтны дундаас хөрөнгийн өсөлт хамгийн хурдтай хүмүүсийн нэг болгожээ.
Харин Билл Гейтсийн хувьд 2020 оноос хойш хөрөнгө нь бараг өөрчлөгдөөгүй гэж харьцуулсан байна. Тэр 2020 онд дэлхийн хоёр дахь баян хүн байсан ч түүнээс хойш 18-р байр руу ухарсан нь Билл & Мелинда Гейтсийн санд хэдэн арван тэрбум ам.доллар хандивлаж, буяны чиглэлд өндөр дүнтэй хөрөнгө зарцуулсантай холбоотой гэж тайлбарлажээ.





