Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл” байгууллагад албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улсын статустайгаар оролцохоор боллоо.
Давост хийсэн гарын үсэг ба Монголын шинэ үүрэг
“Энхийн зөвлөл”-ийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурав. Ийнхүү Монгол Улс олон улсын энхийг дэмжих шинэ хэлбэрийн механизмд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэгээр бүртгэгдэв.
Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энх тайвныг эрхэмлэдэг орны хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжсэн энэ алхам нь гадаад бодлогын байр сууриа бэхжүүлэх, дуу хоолойгоо тодорхой илэрхийлэх шинэ боломж нээж байна. Мөн аюулгүй байдал, тусгаар тогтнолоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломат арга хэрэгслээр хамгаалан бататгах чиглэлд чухал ахиц гэж үнэлэгдэж байна.
Энхийн зөвлөл ба Монголын бие даасан, олон тулгуурт бодлого
Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд тогтвортой, идэвхтэй оролцож ирсэн туршлагатай. “Энхийн зөвлөл”-ийн дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчимд тулгуурласан бүтцийг тодорхойлдог. Энэ нь Монгол Улсын энхийг дээдэлсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чиг шугамтай бүрэн нийцэж буйгаараа онцлог юм.
1 тэрбум ам.долларын босго, гишүүнчлэлийн хугацааны тайлбар
Дүрэмд туссан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улс бүрийн гишүүнчлэлийн хугацааг гурван жилээр сунгахтай холбоотой тусгай зохицуулалт бөгөөд Монгол Улсад заавал биелүүлэх хатуу үүрэг, шууд дарамт болох нөхцөл биш гэж тайлбарлаж байна. Монгол Улс санхүүгийн албан журмын үүрэг хүлээхгүй бөгөөд энгийн гишүүний хувиар гурван жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд тохирсон хэлбэрээр оролцох боломжтой.
Энхийн зөвлөлийн бусад гишүүд
“Энхийн зөвлөл”-ийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан зэрэг нийт 17 улсын төр, засгийн тэргүүн болон сайд нар гарын үсэг зуржээ. Ийнхүү янз бүрийн бүс нутгийг төлөөлсөн улс орнууд энх тайвны шинэ механизмыг хамтран дэмжихээ илэрхийлж байна.







