“Single’s Inferno” реалити шоуны тавдугаар улирал нэгдүгээр сарын 20-нд цацагдаж эхэлснээс хойш оролцогчидтой холбоотой хэлэлцүүлэг, шүүмж, фэнүүдийн таамаг тасрахаа больсон. Одоогийн байдлаар энэ улирлын хамгийн их сониуч, анхаарал татсан оролцогчоор Чой Мина Сю тодорч, шоуны гол төвд оршиж байна.
Үзэгчдийг байлдан дагуулж буй шинэ од
Шоу цацагдаж эхэлмэгц Чой Мина Сюгийн талаархи хайлт, сошиал сүлжээний ярилцлага огцом нэмэгдэв. Түүний гадаад төрх, зан чанар, итгэлтэй байдал, мөн дэлгэцэн дээрх харилцааны хэв маяг нь үзэгчдийн сонирхлыг хүчтэй татаж, “та хамгийн их хэнд санал өгч байна вэ” гэх маргааныг бараг нэг чиглэлд төвлөрүүлэхэд хүргэсэн.
Австралиас гаралтай, АНУ-д боловсрол эзэмшсэн үзэсгэлэнт мисс
Чой Мина Сю 1999 онд Австралид төрсөн бөгөөд одоо 27 настай. Тэр загасны ордод төрсөн гэдгийг фэнүүд нь аль хэдийн цээжилчихсэн. Боловсролын хувьд АНУ-ын University of Illinois Urbana–Champaign сургуулийг дүүргэсэн, олон улсын орчинд өсөж, боловсорсон залуу эмэгтэй юм.
Гоо сайхны өрсөлдөөнд түүний нэр аль хэдийн тодорсон. Тэр Miss Korea 2021 тэмцээнд дэд байрт шалгарч, удалгүй Miss Earth Korea 2022 титмийн эзэн болсон. Ингэснээр дэлхийн “Big Four” буюу дөрвөн том миссийн тэмцээний нэгэнд түрүүлсэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй болж, түүхэнд бичигдсэн.
Реалити шоуны талбарт туршлагатай нэгэн
“Single’s Inferno-5” бол түүний хувьд камерын өмнө анх удаа гарч буй тохиолдол биш. Үүнээс өмнө “Battle for Tenancy: Penthouse” нэртэй шоунд оролцож, бодит шоуны формат, өрсөлдөөний уур амьсгал, олон нийтийн анхаарлын төвд байх ямар байдгийг биеэр мэдэрсэн байдаг. Энэ туршлага нь шинэ улирал дээр илэрч, тайван, өөртөө итгэлтэй, тооцоотой харагдах үндэс болсон гэж үзэгчид дүгнэж байна.
Байгаль орчны төлөө дуугардаг залуу элч
Чой Мина Сю зөвхөн дэлгэцэн дээрх дүр төрхөөрөө бус, нийгмийн хариуцлага, идэвхтэй байр сууриа бүрнээ харуулж чадсан хүн. Тэр одоо Miss Earth Foundation-ийн үйл ажиллагаанд оролцож, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон WWF-ийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Эдгээр байгууллагын шугамаар тэр уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн асуудлаар олон нийтийн анхаарлыг нэмэгдүүлэх кампанит ажилд нэгдэж, залуусыг байгальд ээлтэй амьдралын хэв маягт уриалж байгаа нь түүнийг энгийн реалити одоос ялгаж, “нөлөөлөгч” түвшинд гаргаж байна.
Яагаад Чой Мина Сю бүгдийн анхаарлын төвд байна вэ?
Түүний амжилтын ард зөвхөн нэг шоу биш, олон улсын боловсрол, миссийн карьер, байгаль орчны төлөө хийж буй ажил, дэлгэцэн дээрх харизм зэрэг олон хүчин зүйл давхцаж байна. Үүний зэрэгцээ “Singles Inferno-5” дээрх оролцоогоороо тэр өөрийгөө үзэсгэлэнтэй model бус, бодолтой, зорилготой, нийгэмд тод мессеж хүргэж чаддаг хүний хувьд харуулж эхэлжээ.
Иймээс Чой Мина Сю өнөөгийн байдлаар шоуны хамгийн их ярилцагдаж буй оролцогчоор нэрлэгдэх нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд түүний дараагийн алхам, сонголт бүрийг фэнүүд анхааралтай ажигласаар байна.





