АНУ-ын ерөнхийлөгч Олимпын тамирчнаа олон нийтийн өмнө шүүмжлэв
Милано–Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцож буй АНУ-ын фристайл цаначин Хантер Хесс ерөнхийлөгч Дональд Трампын ширүүн дайралтад өртлөө. Трамп өчигдөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан түүнийг “жинхэнэ азгүй амьтан” хэмээн нэрлэж, олон нийтийн өмнө ил тод доромжилсон байна.
Түүний уур хилэнгийн шалтгаан нь Хесс хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа АНУ-ыг төлөөлөх тухайгаа нэлээд болгоомжтой, шүүмжлэлтэй өнгө аястай ярьсантай холбоотой.
Трамп бичихдээ:
“Жинхэнэ азгүй амьтан Хантер Хесс энэ өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөхгүй гэж хэлсэн”
хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Хантер Хессийн мэдэгдэл: “Энэ тугийг зүүснээрээ бүх зүйлийг төлөөлөхгүй”
Фристайл цанын тамирчин Хессээс сэтгүүлчид Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Америкийг төлөөлөн Олимпод оролцоно” гэдэг нь түүнд ямар мэдрэмж төрүүлж байгаа талаар асуухад тэр АНУ-ын одоогийн бодлоготой холбогдуулан нэлээд зөрчилтэй сэтгэгдлээ шууд илэрхийлжээ.
АНУ-ын засаг захиргааны цагаачдын эсрэг хатуу бодлого, түрэмгий гадаад бодлого зэргээс үүдэн тус улсын олон улсын нэр хүнд унаж байгаа талаар удаа дараа шүүмжлэл дагуулж буй цаг үед Хесс:
“Мэдээж хэрэг би лав болж буй үйл явдлын хамгийн том шүтэн бишрэгч биш, маш олон хүн тийм биш байгаа гэж би бодож байна. Би энэ улсын далбааг зүүснээрээ АНУ-д болж буй бүх зүйлийг төлөөлж байгаа гэсэн үг биш”
хэмээн хэлсэн байна.
Тэр цааш нь:
“АНУ-ыг төлөөлөх нь яг одоо надад зөрчилтэй, холимог сэтгэгдэл төрүүлж байна”
хэмээн нэмж тодотгосон нь хэлсэн үгийг нь тойрсон маргааныг улам дэвэрчээ.
Трампын хариу: “Ийм хүн манай багт ерөөсөө байж ёсгүй”
Хессийн ярилцлага цацагдсаны дараа Трамп түүний үгний талаар дахин шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж:
“Хэрвээ тийм бол тэр манай багт орох ёсгүй байсан юм. Түүнийг оролцож байгаад харамсаж байна. Ийм хүнийг дэмжихэд маш хэцүү”
хэмээн мэдэгдсэн байна.
Ингэснээр Олимпын наадам албан ёсоор эхлэхээс өмнө ч АНУ-ын баг, түүний тамирчдын эргэн тойронд улс төрийн хурц маргаан үүсч, олимпын тайзан дээрх спортын сэдвийг улс төртэй шууд холбосон бас нэг жишээ нэмэгдлээ.
Цагаачлалын албаны маргаан, аюулгүй байдлын асуудал, эсэргүүцлийн давалгаа
Улс төрийн зөрчил зөвхөн Хесстэй холбоотойгоор хөвөрсөнгүй. Олимпын наадам эхлэхээс өмнө АНУ-ын багийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагаачлалын албаны агентууд Итали руу ирсэн нь зохион байгуулагчдын зарим төлөөлөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Тус албаны нэр хүнд сүүлийн саруудад эрс унасан. Өнгөрсөн сард Миннеаполис хотод цагаачлалын албаны агентууд хоёр энгийн иргэнийг буудсан хэрэг гарч, АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн нь асуудлыг улам хурцатгасан.
Хесстэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон АНУ-ын өөр нэг тамирчин Крис Лиллис энэ талаар байр сууриа илэрхийлж:
“Улс орныхоо хувьд бид хүн бүрийн эрхийг хүндэтгэж, иргэддээ болон бусад хүмүүст хайр, хүндэтгэлтэйгээр хандахад анхаарлаа хандуулах ёстой гэж би бодож байна. Олимпын наадамд оролцож байгаа бүх тамирчдыг хүмүүс бидний төлөөлөхийг хичээж буй Америк гэж хараасай”
хэмээн хэлсэн нь тамирчдын дундах шүүмжлэлт хандлагыг илүү тод харагдуулжээ.
Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс эсэргүүцэлтэй нүүр тулсан нь
Милано–Кортинад болж буй өвлийн олимпын нээлтийн арга хэмжээ дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс үзэгчдээс эсэргүүцлийн дохио хүлээн авсан тухай мэдээлэл гарсан нь ч улс төр, спорт хоёрын огтлолцол энэ удаагийн Олимпын наадамд ямар хүчтэй байгааг харуулж байна.
Ингэснээр Хантер Хессийн нэг ярилцлагаас эхэлсэн маргаан АНУ-ын дотоод бодлого, цагаачлал, хүний эрх, олон улсын нэр хүнд зэрэг том сэдвийг хөндсөн улс төр, спортын огтлолцсон томоохон хэлэлцүүлэг болж хувирлаа.





