Өмнөд Солонгосын тагнуул: Ким Жу Э “залгамжлагчаар томилох шатандаа явж байна”
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун залгамжлагчаа өөрийн охин Ким Жу Э болохоор төлөвлөж, түүний байр суурийг бэхжүүлэх алхмуудыг эрчимтэй хийж байна гэж Reuters агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS)-ын мэдээллийг эш татан мэдээллээ.
NIS-ийн тайланд дурдсанаар, Ким Жу Э ойрын үед болох Хөдөлмөрийн намын хурлын ажиллагаанд оролцох боломжийг үгүйсгэхгүй байна. Хэрэв тэрбээр тус хуралд оролцож, тодорхой хэлбэрээр танилцуулга, статусын өөрчлөлт авч байвал энэ нь түүнд эрх мэдэл шилжүүлэх бэлтгэл тодорхой хэмжээнд эхэлснийг харуулна гэж Өмнөд Солонгосын тал дүгнэжээ.
Үндэсний ассамблейн гишүүн Ли Сон Кун хаалттай мэдээлэл хийсний дараа “Өмнө нь тагнуулын байгууллага Ким Жу Эг зөвхөн нэр дэвшигчийн түвшинд авч үзэж байсан бол одоо түүнийг залгамжлагчаар ‘томилох шатандаа явж байна’ гэж дүгнэж байна” хэмээн онцолсон байна.
Залгамжлалын хувилбар өөрчлөгдөх магадлал нээлттэй хэвээр
Ким Жу Э-д эрх мэдэл шилжүүлэх бэлтгэл явагдаж байж болзошгүй тухай анхны дүгнэлтийг Өмнөд Солонгосын тагнуул 2024 оны 7-р сарын 29-нд гаргаж байсан. Тухайн үед NIS нөхцөл байдал цаг үеийн улс төр, дотоод тойргийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж, өөр өрсөлдөгч, өөр залгамжлагч гарч ирэх боломж нээлттэй хэвээр байгааг онцолж байсан.
Гэсэн ч дараагийн дүн шинжилгээ, олон нийтийн өмнө Ким Жу Эгийн гарч ирэх давтамж, түүнд өгч буй албан ёсны статустай дөхөж очсон хандлага нь “эмэгтэй залгамжлагч” гэсэн хувилбарыг улам бодитой болгож байна гэж Өмнөд Солонгосын тагнуул үзэж байна.
Ким Жу Эгийн олон нийтийн өмнө тодорсон байдал, гадаад айлчлалууд
Ким Жу Э сүүлийн жилүүдэд эцэг Ким Жөн Унтайгаа хамт цэргийн парад, пуужингийн туршилт, төрийн хэмжээний ёслол зэрэг томоохон арга хэмжээнд тогтмол оролцож, албан ёсны хэвлэл мэдээллээр байнга гарч ирэх болсон.
2025 оны 9-р сард тэр эцэгтэйгээ хамт БНХАУ-д айлчилсан нь олон улсын анхаарлын төвд орсон үйл явдал болов. Тухайн үед Yonhap агентлаг болон бусад шинжээчид энэхүү айлчлалыг Ким Жу Эгийн ирээдүйн статустай холбоотой, эрх мэдлийн залгамжлалын урт хугацааны бэлтгэл байж болзошгүй гэж таамаглаж байв.
Ким Жу Эгийн насыг албан ёсоор зарлаагүй ч тагнуулын болоод судалгааны байгууллагууд түүнийг ойролцоогоор 13 настай гэж үзэж байна. Төрсөн он, сар, өдрийг БНАСАУ нууцласан хэвээр байгаа нь түүнийг тойрсон таамаглалыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Ийнхүү Пёньяны дэглэм олон нийтэд бага багаар харуулж буй, өндөр түвшний арга хэмжээнд дагуулан оролцуулж буй байр сууринаас нь харахад Ким Жу Э Ким Жөн Уны дараагийн үеийн гол улс төрийн фигуруудын нэг болох магадлал улам нэмэгдэж байна. Гэхдээ хаалттай тогтолцооны нөхцөлд бодит залгамжлалын зураглал сүүлчийн мөчид хүртэл өөрчлөгдөх эрсдэл, тодорхойгүй байдал хэвээр үргэлжилсээр байна.





