Найруулагчийн багийг албан ёсоор баталлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, энэ жилийн наадмыг найруулах багийг эцэслэн томилох шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Шадар сайдын албанаас мэдээлснээр, хуралдаанаар зөвхөн найруулагч томилохоор зогсохгүй Үндэсний их баяр наадам болон “Дэлхийн адууны өдөрлөг”-ийн уялдаа, зохион байгуулалтын нэгдмэл байдалд анхаарч, зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөж, нэмж хариуцах ажлуудыг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Сонгон шалгаруулалтад өрсөлдсөн хоёр найруулагч
Наадмын ерөнхий найруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авсан хоёр найруулагчид сүүлчийн шатанд үлдсэн. Үүнд:
- “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар
- “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар
Хоёр найруулагч тус бүр өөрийн багийн бүрэлдэхүүн, наадмыг найруулах ерөнхий үзэл баримтлал, концепц, төлөвлөгөөг хорооны гишүүдэд танилцуулж, танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, тодруулга авчээ. Үүний дараа хорооны гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан байна.
Д.Баярбаатар олонхийн санал авч, ерөнхий найруулагчаар шалгарлаа
Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд тэдний саналын дүнгээр “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-аас нэр дэвшсэн найруулагч Д.Баярбаатар нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналыг авч, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.
Ингэснээр энэ жилийн Үндэсний их баяр наадам Д.Баярбаатарын удирдсан найруулагчийн багийн бүтээлч шийдэл, концепцоор зохион байгуулагдах нь тодорхой болов.
Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэл
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг ерөнхий найруулагчаар сонгогдсон багт тодорхой үүрэг чиглэл өгчээ. Үүнд:
- Наадмын ерөнхий төлөвлөгөө, найруулгын шийдлээ улам сайжруулж, нарийвчлан боловсруулах
- Салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж, бодит санал, тооцоотойгоор танилцуулах
- “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх
Ийнхүү Үндэсний их баяр наадмын найруулагчийн баг албан ёсоор томилогдож, наадам болон “Дэлхийн адууны өдөрлөг”-ийн уялдаа, бүтцийн зохион байгуулалт, төсөв, найруулгын ерөнхий чиглэл тодорхой боллоо.





