2026 оны Өвлийн олимпын наадмаас алтан медаль хүртсэн АНУ-ын эрэгтэй хоккейн шигшээ баг Цагаан ордонд Дональд Трамптай уулзсаны дараахан Майамид стрип клубт тэмдэглэсэн гэх дүрс бичлэгүүд цахимд тарж, хүчтэй эсэргүүцэл дагуулав. Зарим хэрэглэгч энэ үдэшлэгийг Трамп эмэгтэй багийн талаар хэлсэн үг, түүнд эрэгтэй тоглогчид инээж хүлээж авсан гэх маргаантай мөчтэй холбон “эмэгтэйчүүдийг дорд үзсэн өнгө аястай”, “ёозгүй” гэж нэрлэж, харагдах байдлын хувьд таагүй зураглал үүсгэлээ гэж шүүмжилжээ.
Талбай дээр АНУ Канадын эсрэг 2-1 харьцаатай, нэмэлт цагт хожсоноор 46 жилийн алтан медалийн “ган” тайлсан байна. Шийдвэрлэх гоолыг Жек Хьюз нэмэлт цаг эхэлснээс хойш 1:41-д оруулжээ. Ингэснээр баг 1980 оны домогт “Miracle on Ice” бүрэлдэхүүнээс хойш анх удаа дээд шагнал хүртсэн гэж тэмдэглэв.
Трампын үг, тоглогчдын инээдтэй холбоотой маргаан
Эрэгтэй багийн алтан медалийн дараа Трамп хувцас солих өрөөнөөс нь утсаар баяр хүргэх үеэрээ тэднийг State of the Union-д уриад, “Үнэнийг хэлэхэд, эмэгтэй багаа ч бас авчрах хэрэгтэй болно, тийм биз дээ… авчрахгүй бол намайг магадгүй импичментэд оруулчих байх” гэж хэлсэн байна. Эмэгтэй багийг урих асуудлыг тэдний өөрсдийн алтан медалийн амжилтыг тэмдэглэхээс илүү “заавал хийх ёстой зүйл” мэтээр тавьсан энэ үгэнд өрөөнд байсан эрэгтэй тоглогчид инээж, хөхрөлдсөн нь бичлэгээр тарж, олон хүн “сэтгэл гонсойлгосон” хэмээн шүүмжилж, эмэгтэй багийн амжилтыг хоёрдугаар зэрэгт тавьсан сексист өнгө аяс гэж хүлээн авчээ.
Стрип клубийн бичлэг тарж, шүүмжлэл дахин нэмэгдэв
Цагаан ордонд тэмдэглэсний дараа баг өөр төрлийн анхаарлын төвд орлоо. X (өмнө нь Twitter) дээр тарсан нэг бичлэгт тэд Майамид стрип клубт үдэшлэж буй мэт харагдаж, ялангуяа нэг мөч онцгой маргаан үүсгэв. АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд клуб доторх хүмүүс, бүжигчид хүртэл анхааралд зогсож буйгаар бичлэгт үзэгдсэн байна.
Нэг хэрэглэгч клип дээр “Стрипперүүдийг хүртэл төрийн дуулалд зогсоосон гэж үү, ёстой итгэмээргүй байна” гэж бичсэн бөгөөд уг бичлэг 7 саяас давсан үзэлттэй болсон гэж мэдээлжээ. Гэвч хариу үйлдэл бүгд инээд наргиа байгаагүй. Зарим нь хувцас солих өрөөн дэх мөчийг дахин сануулж, зарим нь стрип клубийн үдэшлэгийг “ёозгүй” гэж нэрлэсэн байна. Өөр нэг хэрэглэгч “Энэ баг бүх талаараа надад жигшмээр санагдаж байна” гэж бичжээ. Мөн нэг нь “Эмэгтэй багаа доромж маягаар тохуурхаад, дараа нь эхнэр хүүхдийнхээ дэргэд хайртай хүн болж дүр эсгэдэг нь бүр дотор муухайруулж байна” гэсэн бол, өөр нэг нь “Эмэгтэйчүүдийг тохуурхаад байдаг хэрнээ баяр тэмдэглэх болохоор хамгийн түрүүнд эргээд тэднийг харж бахдаад зогсдог” гэжээ.
Тухайн клип нийтлэгдсэн бичлэгийн холбоос:
https://x.com/talia_baia/status/2026247136141074643
Энэ хооронд АНУ-ын эмэгтэй хоккейн шигшээ баг Трампын State of the Union-ийн урилгыг хүлээж аваагүй гэж мэдээлсэн байна. Тэдний албан тайлбар нь цагийн хуваарийн давхцал болон “урьдчилан төлөвлөсөн академик, мэргэжлийн үүрэг амлалт”-тай холбоотой гэжээ.





