БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг болох “Spring Airlines” компани Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр албан ёсоор эхлүүлснийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлжээ. Шинэ чиглэл нээгдсэнээр хоёр улсын хооронд зорчих сонголт нэмэгдэж, зорчигчдын урсгалд бодит өөрчлөлт оруулах хүлээлт үүсээд байна.
Тус нислэгийн тийзийг “Spring Airlines” компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-оор худалдан авах боломжтой. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллароос эхлэхээр тогтоосон гэж мэдээлэв. Албаныхны тайлбарлаж буйгаар энэ үнийн бодлого нь Монголын зорчигчдод БНХАУ руу илүү хүртээмжтэй, хэмнэлттэй нөхцөлөөр зорчих боломж бүрдүүлэхэд чиглэж байна.
Салбарынхны үзэж байгаагаар Улаанбаатар–Шанхайн шинэ шугам нь Монгол Улс, БНХАУ-ын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох боломжтой. “Spring Airlines” өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх бөгөөд хоёр орны зорчигчдод хямд өртгөөр шууд нисэх хувилбар санал болгож байгаа гэж мэдээлжээ.





