Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн цэргийн ажиллагаа хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, дайны явцын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр уг ажиллагааг “богино хугацааны ажиллагаа” хэмээн тодорхойлоод, дайн “тун удахгүй” өндөрлөнө гэж амласан байна. Өмнө нь тэр энэ мөргөлдөөн хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэж мэдэгдэж байсан бол энэ удаад анхны тооцооллоос ч эрт дуусах боломжтой гэж онцолжээ.
Гэсэн ч Трампын хэлснээр тавьсан зорилго нь бүрэн хэрэгжээгүй хэвээр байгаа аж. Тэрээр энэ талаар “бид олон талаараа ялж байгаа ч хангалттай болоогүй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн эцсийн зорилгоо Тегераны дэглэмийг “АНУ, Израил болон бүс нутгийн бусад холбоотнуудынх нь эсрэг ашиглах зэр зэвсгийн удаан хугацааны чадавхгүй болгох” явдал гэж тодорхойлжээ.
Ираны шинэ удирдагч Можтаба Хамени дараагийн бай болох эсэх талаар түүнээс хоёр удаа асуусан ч Трамп тодорхой хариулт өгөхөөс зайлсхийсэн байна. Харин тэр Можтаба Хаменийн томилгоонд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлж, түүнийг “улс орондоо ижил төстэй асуудал дагуулах хүн” гэж тодорхойлжээ. Үүний зэрэгцээ Израилийн батлан хамгаалах яам Можтаба Хаменийг дараагийн бай болгосноо ил тод зарласан байна.
Израиль довтолгоогоо эрчимжүүлж, бүс нутгийн байдал улам хурцдав
Даваа гарагт Израилийн арми Тегеран хотод агаарын цохилтын хоёр дахь том давлагааг эхлүүлсэн байна. Мөн өчигдөр хөрш Ливаны нийслэл Бейрут хотод байрлах Хезболла бүлэглэлийн эсрэг агаарын довтолгоогоо үргэлжлүүлжээ.
Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр гуравдугаар сарын 2-ноос хойш Израилийн агаарын цохилтын улмаас 486 хүн амиа алдсаны дотор 83 хүүхэд багтаж байна. Үүнээс гадна 600 мянгаас илүү хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь тус улсад хүмүүнлэгийн ноцтой хямрал үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Нөгөө талаас өчигдөр Ираны талаас пуужин болон нисгэгчгүй онгоцоор Израиль, Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд, мөн Персийн булан орчмын эрчим хүчний дэд бүтцүүд рүү цохилт өгсөн байна.
Эдийн засгийн тал дээр ч нөхцөл байдал хүчтэй нөлөөлжээ. Дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд анх удаа 100 ам.долларын босгыг давсан ч Трамп дайн ойрын хугацаанд дуусна гэж мэдэгдсэний дараа 90 ам.доллар хүртэл буурсан байна.
Мөн Даваа гарагт Их Британийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Typhoon” сөнөөгч онгоцнууд Йордан болон Бахрейны чиглэлд явж байсан Ираны дронуудыг устгажээ. Түүнчлэн НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах систем өчигдөр Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн Ираны баллистик пуужинг сөнөөсөн нь сүүлийн нэг долоо хоногийн дотор гарсан хоёр дахь ийм тохиолдол болсон байна.





