Төрийн байгууллагад ажиллаж байсан мэтээр танилцуулж олон иргэн, байгууллагыг хохироосон байна
Монгол Улсын иргэн Э.Шинэбаяр өөрийгөө Гадаадын иргэн, харьяатын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж байсан гэж танилцуулан бусдыг залилсан хэрэг илэрчээ.
Тэрээр гадаадаас ажиллах хүч болон мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж “гадаадын иргэнийг Монгол Улсад урьж ирүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийг гаргаж өгнө” хэмээн амлаж, их хэмжээний мөнгө авч залилан хийсэн байна.
Мөн уг этгээд гадаадын иргэдийг Монгол Улсад хууль бусаар оршин суух нөхцөл бүрдүүлэх, улмаар тэднийг албадан гаргах нөхцөл байдалд хүргэх зэрэг хууль бус шинжтэй үйлдлийг удаа дараа гаргасан нь тогтоогджээ.
Иймд холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулахаар болсон байна.
Иргэд, байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулав
Гадаадын иргэнийг Монгол Улсад урих, гадаадаас ажиллах хүч авах хүсэлтэй иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч ажиллахыг анхааруулж байна.
Үүнтэй холбоотой асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, зөвлөгөө мэдээллийг утсаар, цахимаар эсвэл биечлэн авах боломжтой гэдгийг мөн сануулжээ.
Түүнчлэн дээрх байдлаар хохирол амссан иргэн, байгууллагууд холбогдох мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх, мөн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргахыг зөвлөсөн байна.





