Өмнөд Солонгосын бүтээсэн Cheongung-II агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны дайны үеэр өндөр үр ашигтай ажилласнаар олон улсын зах зээлд эрэлт нь огцом өсөж байна.
Өндөр гүйцэтгэл ба хямд өртөг
Өмнө нь бодит дайнд туршигдаагүй байсан энэхүү дунд тусгалын системийг одоогоор АНЭУ ашиглаж байгаа бөгөөд Ираны пуужинг 96 хувийн үр дүнтэй устгаж буй нь анхаарал татжээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын Patriot системтэй өрсөлдөхүйц төдийгүй зарим тохиолдолд давсан гүйцэтгэл гэж үнэлэгдэж байна.
Үнийн хувьд Cheongung-II нь Patriot-оос гурав дахин хямд байгаа нь зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байна. 2022 онд АНЭУ уг системийн 10 ширхэгийг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд одоогоор хоёр нь нийлүүлэгдээд байна.
АНЭУ-ын тал дараагийн нийлүүлэлтийг яаравчлах хүсэлт тавьсан бөгөөд энэ хүрээнд тус улсын C-17 ачааны онгоц Тэгү хотод газардсан нь нэмэлт пуужин хүлээн авахтай холбоотой байжээ.
Техникийн боломж ба давуу тал
Cheongung-II систем нь:
- Найман харвагч хоолойтой дөрвөн автомашин
- Олон үйлдэлт радар
- Хяналтын станц
гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд 15 км-ээс доош өндөрт нисэж буй байг 40 км хүртэлх зайд амдан устгах чадвартай.
Мөн НАТО болон АНУ-ын системүүдтэй нийцтэйгээр бүтээгдсэн тул операторуудад нэмэлт сургалт бараг шаарддаггүй нь давуу тал болж байна.
Одоогоор АНЭУ-аас гадна Саудын Араб, Ирак улсууд тус системийг худалдан авах гэрээ байгуулжээ.
Газрын тос ба зэвсгийн хамтын ажиллагаа
Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос, АНЭУ-ын харилцаа эрчимжиж, эрчим хүчний салбарт ч хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хун Шик Персийн булангийн орнуудад хийсэн айлчлалын дараа АНЭУ тус улсад газрын тос нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангахаа илэрхийлсэн байна.
“Өмнөд Солонгосоос өмнө дэлхийн ямар ч улсад түүхий газрын тос нийлүүлэхгүйгээ АНЭУ амласан” гэж Кан мэдэгджээ.
Айлчлалын үр дүнд Өмнөд Солонгос ойрын хугацаанд 24 сая баррель түүхий нефть авах тохиролцоонд хүрч, үүнээс 6 сая баррель нь шуурхай нийлэгдэхээр болсон байна. Энэ нь тус улсын ес хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.
АНЭУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Абдулхалек Абдулла пуужингийн системийн шуурхай нийлүүлэлт нь хоёр улсын стратегийн түншлэлийн баталгаа хэмээн онцолсон байна.





