Шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэх шийдвэр гарлаа

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж, АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрчээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин үнийн өсөлтийг огцом бус, үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. Түүний хэлснээр хил дээрх үнээр тооцвол шатахууны үнэ 900-2000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд зөвхөн энэ сард дизелийн түлш 54 ам.доллар, автобензин 30 ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.

Тэрбээр “Бид өмнө нь нөөц бүрдүүлсний үндсэн дээр үнийн өсөлтийг барих арга хэмжээ авсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлын улмаас тодорхой хэмжээнд үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрээд байна. Дэлхий даяар үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн үнэ өөрчлөгдөж, 100 гаруй улсад газрын тосны бүтээгдэхүүний хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнийг даван туулахын тулд тодорхой арга хэмжээнүүд авч байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, төсвөөс дэмжлэг үзүүлэх зэрэг алхмууд хийж байна” гэжээ.

Импортын хувьд энэ оны эхний хоёр сард 518 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан бол гуравдугаар сард 181 мянган тонн бүтээгдэхүүн нэмж захиалсан байна. Одоогийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн, АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн, дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байгаа аж.

Мөн ОХУ-тай байгуулсан тогтворжуулалтын гэрээний дагуу АИ-92 шатахууныг тонн тутмыг 705 ам.доллараар авах нөхцөл хэвээр үлджээ. Харин Евро-5 дизель түлшийг 1206 ам.доллар, АИ-95-ыг 1176 ам.доллар, АИ-98-ыг 1226 ам.доллар, энгийн дизель түлшийг 1385 ам.доллар, Евро дизель түлшийг 1410 ам.доллараар тус тус худалдан авахаар тогтоосон байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу