Улаанбаатар хотод хэрэгжих Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж, төслийн санхүүжилтийг дотоод бондын эх үүсвэрээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын 2026 оны төсөв болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр тогтоосон. Үүний хүрээнд ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн дотоод бондоор санхүүжүүлэх шийдвэр гарч, анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлсэн байна.
Нийт 200 мянган ширхэг, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй бондыг олон нийтэд санал болгож эхэлжээ.
Нийслэлийн байр суурь
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ёслолын үеэр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг олон жилийн дараа шинэчилснээр нийслэл томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрөл хэрэгслийг ашиглаж санхүүжүүлэх боломж нээгдсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 40 орчим хувь нь уламжлалт гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллоос иргэдийг орон сууц руу шилжүүлэхэд хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил бол цахилгаан, дулааны эрчим хүчийг нэмэгдүүлэх юм Улаанбаатар хот одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Хоёр жилийн хугацаатай гаргасан дотоод бондыг энэ оны эхний хоёрдугаар хагаст төлөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл төлөх ёстой дотоод бондын үлдэгдэлгүй болсон учраас 42 жилийн түүхтэй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн санхүүжилтэд шаардагдах 200 тэрбумын бондыг өнөөдөр арилжихад бэлэн болоод байна. ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно. ДЦС-5 өнөөгөөс хоёр жилийн дараа буюу 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авснаар олон нийтэд үр өгөөжөө хүртээнэ. Дулааны тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаан, цахилгаанаар хангах томоохон төсөл. Нийслэл Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцыг дотоод бондоор санхүүжүүлж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй уялдуулж, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг олноор барьж байгуулах шаардлагатай байна” хэмээн онцолсон юм.
Санхүүжилт ба төслийн хүрээ
ДЦС-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэл 20 хувь буюу 131.7 сая ам.долларыг хариуцах юм.
Төгрөгөөр тооцвол 467.4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр бүрдүүлж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.