Олон нийтийн дарамтад орсон Трамп Есүстэй адилтгасан зургаа устгалаа

Трамп өөрийгөө Есүс Христээр дүрсэлсэн зураг нийтэлжээ

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Есүс Христийн дүртэйгээр харуулсан зургийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Хиймэл оюунаар бүтээсэн уг зурагт Трамп эмнэлгийн орон дээр хэвтэж буй өвчтэй хүнийг эдгээж байгаа байдлаар дүрслэгджээ.

Шүүмжлэл дэмжигчдийнх нь хүрээнд ч өрнөв

Гэвч энэ үйлдэл нь зөвхөн Трампын шүүмжлэгчдийг бус, өөрийнх нь дэмжигчдийн нэг хэсгийг хүртэл бухимдуулсан юм. Үүний дараа тэрээр Даваа гарагт тухайн зургаа сошиал хуудсаасаа устгасан байна.

Тэр энэ зургийг Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайныг шүүмжилдэг Ромын католик шашны тэргүүн XIV Лео руу чиглэсэн урт мэдэгдлийнхээ дараахан нийтэлжээ.

Трамп зургийн талаар тайлбар өгсөн ч маргаан намдсангүй

Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп уг зургийг нийтэлснээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө эмчийн дүрээр үзүүлсэн гэж тайлбарласан байна.

Гэвч зураг дээр цагаан нөмрөг өмссөн Трамп өвчтэй хүний духан дээр гэрэлтсэн гараа тавьсан байдал нь Есүс Христийг дүрсэлдэг шашны зургуудтай тун төстэй харагдаж байв.

Шашны хүрээнийхэн хамгийн хүчтэй эсэргүүцэв

Трампын хүрээллийнхэн дундаас шашны хүмүүс түүний энэ үйлдэлд хамгийн хүчтэй шүүмжлэл үзүүлсэн байна.

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан шашны цуврал арга хэмжээг зохион байгуулж буй Шон Фейхт “Үүнийг нэн даруй устгах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж хатуу мэдэгдсэн байна.

Мөн Трампын дэмжигчдийн нэг, консерватив хөдөлгөөний идэвхтэн Райли Гэйнс “Бурхныг доромжлох хориотой” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Христийн шашны телевизийн сүлжээний сэтгүүлч Дэвид Бродли ч мөн адил “Энэ бол хэм хэмжээнээс хэтэрсэн, хил хязгаарыг давсан үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Пап ламтай хийсэн зөрчил маргааныг улам дэвэргэв

Зургийг нийтлэхээсээ хэдхэн цагийн өмнө Трамп өөрийн эхлүүлсэн дайныг “утга учиргүй, хүнлэг бус хүчирхийлэл” гэж шүүмжилсэн Ромын папыг “гэм бурууг таслан зогсоох тал дээр сул дорой, гадаад бодлого мэддэггүй” гэх мэтээр шүүмжилж байв.

Даваа гарагт Трампын дайралтад хариу өгөхдөө пап “Би Трампын засаг захиргаанаас айхгүй, бурхны сайн мэдээг чанга дуугаар дамжуулахаасаа айхгүй, ингэх нь миний үүрэг” гэж мэдэгджээ.

Өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп шашны тэргүүнээс уучлал хүсэхээс татгалзсан байна. Тэр үеэрээ “Пап Лео миний Ираны эсрэг явуулж буй арга хэмжээний эсрэг байдаг. Гэхдээ тэр улс цөмийн зэвсэгтэй болох ёсгүй. Ингэвэл пап ч бас сэтгэл хангалуун байж чадахгүй гэж би бодож байна” гэж хэлжээ.

Трамп өмнө нь ч ижил төрлийн маргаанд өртөж байв

Трамп үүнээс өмнө ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нарыг сармагчин болгож дүрсэлсэн видео бичлэгийг мөн сошиал хуудсандаа нийтэлж байсан юм.

Тухайн үед түүний намын хэд хэдэн сенаторыг оролцуулаад олон хүн уг үйлдлийг хүчтэй шүүмжилсний дараа тэрээр бичлэгээ мөн устгаж байжээ.

Үүний дараа Цагаан ордны нэгэн албан тушаалтан уг бичлэгийг хэн нэгний алдаанаас болж нийтэлсэн гэж тайлбарлаж байсан байна.

Олон нийтийн дарамтад орсон Трамп Есүстэй адилтгасан зургаа устгалаа
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу